УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр асуулт тавих, байр сууриа илэрхийлэх гишүүн гарсангүй.
Уг хуулиар өдгөө бидний регистрийн дугаарыг ил харагдах байдлаар бичиж байгааг өөрчлөх юм. Улмаар Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэнд улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоотой дугаар олгох гэж буй. Мөн иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгана.
Оршин суугаа газрын хаягийн мэдээлэл иргэний үнэмлэхэд ил бичигдсэнээр тухайн иргэнд хохирол учруулах, хувийн аюулгүй байдал алдагдахаас сэргийлнэ хэмээн найдаж байгаа юм. Нөгөө талаас иргэний улсын бүртгэлийн тоон мэдээ, судалгаанаас үзэхэд жилд дунджаар 16 ба түүнээс дээш насны 120-130 мянган иргэн шилжилт хөдөлгөөн хийж, мэдээллийн санд тухайн иргэний оршин суугаа газрын хаягийг өөрчилж, тусгадаг аж. Энэ хаяг нь иргэний үнэмлэх дээрх хаягаас зөрүүтэй болдог тул ингэх бүрт үнэмлэхээ солих шаардлага үүсдэг. Мөн засаг захиргааны нэгжийн бүтцэд өөрчлөлт оруулах тохиолдолд иргэний оршин суугаа газрын хаяг өөрчлөгддөг нь багагүй бэрхшээл үүсгэдэг. Иймд иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл, бэрхшээл учруулахгүй байхаар уг хуульд тусгах юм байна.
Бэлтгэсэн: Б.УРАН