Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Британийн Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах худалдааны элч, парламентын гишүүн Д.Кавченскиг өчигдөр хүлээн авч уулзав. Монгол Улс цар тахалтай холбоотой хориг, хязгаарлалтыг цуцалж, эдийн засгаа сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байгаа талаар дэд сайд Б.Мөнхжин уулзалтын эхэнд мэдээлэв өгөв. Тэрбээр Британийн бизнес эрхлэгчид Монголд технологи нэвтрүүлэх, бизнесээ нээх, хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн Монголын бизнес, үйлдвэр эрхлэгчид Британийн Экспортын санхүүжилтийн агентлагтай хамтран ажиллаж, санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр олж авах боломжтой талаар ярилцлаа.
Худалдааны элч Д.Кавченски манай улсад энэ сарын 14 хүртэл айлчилж буй. Тэрбээр уг албанд 2020 онд томилогдсон бөгөөд цар тахлаас шалтгаалан хойшлуулсан айлчлалаа одоо хийж байгаа нь энэ аж. Айлчлалын хүрээнд тэрбээр Оюутолгойн уурхайд ажиллах бөгөөд манай зарим сайд, нийслэлийн Засаг даргатай уулзах юм байна. Мөн Британийн Элчин сайдын яам, манай Гадаад харилцааны болон Эдийн засаг, хөгжлийн яам болон МҮХАҮТ хамтран өнөөдөр ‘’Монгол-Их Британийн бизнесийн форум’-ыг зохион байгуулна.
Бэлтгэсэн У.Наран