Сүүлийн өдрүүдэд болсон тайван жагсаалтай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон парламентын байнгын хороодын дарга нар, олонхын бүлгийн зарим гишүүн, Засгийн газрын сайд нарын төлөөлөлтэй өчигдөр уулзлаа. Улс орны нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас үүдэн ард иргэд, залуу үеийнхэн тайван жагсаж, үзэл бодлоо зөв, боловсон илэрхийлж, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн нь зүй ёсны сануулга, анхааруулга гэдгийг Төрийн тэргүүн онцлов. Цаашид ч дэлхий нийтээр түүхий эд болон хүнсний үнэ өсөх, тээврийн зардал нэмэгдэх, нийлүүлэлтийн доголдол үргэлжлэх хандлагатай байгааг сануулсан юм.
Тэрбээр “Бидний хувьд ниргэсэн хойно нь хашхирав гэдэг л болоод байна. Ерөнхийлөгчийн хувьд би гадаад болон дотоодын нөхцөл байдлын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хоёр удаа хаалттай мэдээлэл хийсэн. Хүнсний аюулгүй байдал, зам тээвэр, шатахуун гээд олон асуудалд анхаарах шаардлагатайг сануулж, сайн
ажиллах ёстойг хэлсээр байтал өнөөдөр ийм байдалд хүрлээ. Олон улсын түвшинд үүссэн асуудал үүнд нөлөөлж буйг хаана хаанаа ойлгож байгаа. Гэхдээ шуурхай арга хэмжээ авч, дотоод нөөц, боломжоо ашигла. Шаардлагатай гэж үзвэл төсвөө хурдан тодотго. Ор нэр төдий биш, дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Нэн ялангуяа үнийн хөөрөгдөл, эрчим хүч, шатахуун, мах, гурил, хүнсний ногоонд онцгой анхаармаар байна. Ядаж хүнсний хэрэгцээгээ хангадаг улс болох хэрэгтэй. Өнгөрсөн хоёр жил бидэнд олон зүйлийг харуулж байна. Монгол Улс цаашдаа эдийн засгийн хувьд тусгаар тогтнож, бие даан амьдарч чадах ёстой. Үүнийг цар тахал, дайн ойлгуулж байна. Та бүхэн сэтгэл, зориг гаргаж ажилла. Ард түмэндээ үнэнээ хэл. Юуг хийж чадах, чадахгүйгээ ойлгуул. Ямар хөрөнгө мөнгөөр юу хийж чадахаа ярь. Ингэвэл ард түмэн ойлгоно. Хэрэгцээгүй бүх зардал, шаардлагагүй хөрөнгө оруулалтаа тана. Эх орны дайнаас хойш болоогүй эдийн засгийн хамгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна шүү дээ” гэв.
Дараа нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй уулзлаа. Ерөнхийлөгч “Ардчилсан Монгол Улсын иргэд байгуулсан төр, засгаасаа хариуцлага нэхэх нь зүй ёсны хэрэг” гээд үндэсний аюулгүй байдал, улс орон, нийтийн эрх ашгийн төлөө идэвхтэй ажиллахыг хүсэв. УИХ-ын гишүүн Д.Ганбат тэргүүтэй АН-ынхан ч Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, хүнд хэцүү үеийг хамтын хүчээр даван туулахын төлөө байгаагаа илэрхийллээ.
Бэлтгэсэн: У.НАРАН