Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Уг төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, сайд нарын хамт гишүүдийн асуултад хариулсан юм. Тэрбээр “Энэ хууль батлагдсанаар нэгдүгээрт, Засгийн газраас мах, гурил, газрын тос болон бусад нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ. Үнэт цаас, баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварын тав хүртэлх хувьд зохицуулалт хийнэ. Мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөрт шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг олгох боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, Засгийн газраас Монголбанканд валютын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бий болгох, мөнгө болон сангийн бодлогыг нарийвчлан уялдуулж, хямралт нөхцөл байдлын үед нягт хамтран ажиллах юм. Зарим нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг Засгийн газар зохицуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ. Гуравдугаарт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгож, Лондоны металлын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах, олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчсөн этгээдэд хуулийн хугацаанд хариуцлага ногдуулахгүй байх зохицуулалттай болно. Бусад шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг хийж, Засгийн газар цаг алдалгүй хямралын мөчлөгийг сөрж, шуурхай ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна” хэмээн онцолсон.
Гишүүдийн асуулт, байр суурийг тоймлоё.
Ж.ГАНБААТАР (УИХ-ын гишүүн): -Цар тахал, хямралт байдал гэх мэтээр шалтаг тоочоод л байх юм. Инфляцыг яаж тогтоон барих вэ. Мөнгөний бодлогыг чангаруулсны сөрөг
нөлөө их байдаг. Ажилгүйдэл нэмэгдэж, төсөв болон мөнгөний бодлогын хүрээнд хэрэгжүүлэх олон ажил ухарна. Өнгөрсөн хугацаанд санхүү, мөнгөндөө туйлын замбараагүй явж ирсэн нь одоо харагдаж байна. Бодлогын хүүг өсгөснөөр зээлийн хүү өөрчлөгдөх үү?
Л.ОЮУН-ЭРДЭНЭ (Ерөнхий сайд): -Засгийн газар шалтаглаад байгаа зүйл байхгүй, шийдэл оруулж ирж байна. Олон нийт юу гэж ойлгох нь нэг асуудал, бодит нөхцөл байдал хүндрэх, эсэх нь нэг асуудал. Хямралт нөхцөл байдалтай холбоотойгоор дипломат улс төрийн арга хэмжээгээ сайн авах хэрэгтэй. Энэ үеийг сөрж гарахаас өөр аргагүй учраас Ерөнхий сайдын хувьд өөдрөг төсөөлөлтэй байна. Хөрөнгө оруулагчид, тэр дундаа барууныхан Монголыг зорьж ирэх нь ихэссэн. Олон төсөл, хөтөлбөрийг сонирхож байна. Ерөнхий сайдын хувьд тэдэнтэй уулзаж байгаа. Валютын эх үүсвэрийг томоохон төслүүдээс татан төвлөрүүлэхээр ажиллаж байна. 4-5 төслийн хүрээнд ярьж байгаа. Цаг нь болохоор мэдээлэл өгсөн нь зүйтэй байх.
Б.ЛХАГВАСҮРЭН (Монголбанкны ерөнхийлөгч): -Зээлийн болон хадгаламжийн хүү 2.5 хувиар өсөх төсөөлөл гарч ирж байна. Валютын нөөцтэй холбоотойгоор Монголбанкны зүгээс арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, энэ онд гадаадаас орж ирэх зээлийн эх үүсвэр хэр хэмжээтэй байгаа талаар судалгаа хийсэн. Банкууд урт хугацааны своп хэлцэл хийх боломжтой. Тэр нь 600 сая ам.доллар. Богино хугацаатай своп хэлцэл нь 100 сая ам.доллар. Олон улсын байгууллагуудаас татах мөнгө нь 100-200 сая ам.доллар байна. Экспортын томоохон компаниуд урьдчилсан байдлаар бүтээгдэхүүнээ борлуулбал 400-600 сая ам.доллар төвлөрүүлнэ. Энэ бүхнээс харвал богино хугацаанд нэг тэрбум ам.долларын эх үүсвэр орж ирнэ. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” гэх мэт аж ахуйн нэгжийн урьдчилан олох орлого ч багтсан. Тэр хэмжээгээр нөөц нэмэгдэж, ханшид эергээр нөлөөлнө.
О.ЦОГТГЭРЭЛ (УИХ-ын гишүүн): -Урд хил хэзээ нээгдэнэ гэж ажлаа төлөвлөж байна вэ. Ерөнхий сайд та төрийн өмчийн шинэчлэл хийнэ гэж хэлээд хоёр жил боллоо. Төсвийн ерөнхийлөн захирагч нарт энэ хуулиар баахан эрх олгох юм байна. Түүний оронд төсвөө тодотговол яасан юм бэ?
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: -Таны хэлээд байгаатай санал нэг байна. Энэ бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ын цөм юм. Гэхдээ одоогийн нөхцөлд эдийн засгийн байдал энэ бүхнийг дийлэхээргүй болчихоод байна. “Оюутолгой”-н гэрээтэй холбоотой нааштай өөрчлөлтүүдийн дараа бид боломжоо шавхаад тэтгэврийг нэмэгдүүлсэн. Өнөөдөр бүхнийг үл үзэгдэх гар зохицуулна гээд орхичихвол биед амар байж магадгүй. Гэхдээ аажмаар газардуулах бодлого барьж ажиллана. Хойд, урд хөршөөс үүдэлтэй асуудлыг би санаснаараа шийдэж чадахгүй байна. Төрийн өмчтэй холбоотой асуудлыг шийдэх гэхээр өмнөх ах нарын хийсэн хувьчлал, өөр бусад асуудал нь босож ирдэг. Үнэндээ бид тэдний бохирыг нь цэвэрлээд л сууж байна. Харин ч эхнээс нь цэгцлээд явж байгаа. Төрийн өмчтэй холбоотой төслөө удахгүй УИХ-д оруулж ирнэ. Тэр үед та улстөржихгүй дэмжээрэй.
Б.ЖАВХЛАН (Сангийн сайд): -Бүх зүйлд төр оролцох нь буруу гэдэгтэй 200 хувь санал нийлж буй ч нөхцөл байдал одоо арай өөр байна. Хил хаалттай байхад зах зээлийн зарчимд найдаад үлдээж болохгүйг та мэдэж байгаа. Тиймээс бид энэ хуулийн төслийг өргөн барьсан. Төсвийн гүйцэтгэл эхний гурван сарын байдлаар ямар ч асуудалгүй байгааг нүүр бардам хэлнэ. АМНАТ-ийн орлого л жаахан тасарсан.
Ч.ХҮРЭЛБААТАР (УИХ-ын гишүүн): -Төслийг унших, сайд нарын ярих нь өөр өөр байна. Бичсэнийг нь харвал 2013-2016 оны Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг л хэрэгжүүлэх гэж буй юм байна. Энд дурдаад байгаа гурван төрлийн бүтээгдэхүүнийг хийдэг компаниудад Монголбанк мөнгө өгнө гэж ойлгогдохоор бичсэн байна. Төвбанк нь ямар их мөнгөтэй юм бэ. Орлого олдог газар юм уу. Мөнгө хэвлэх л гэж байгаа биз дээ. Энэ байдлаар явбал бид Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн алдааг давтана. Тухайн үед уг хөтөлбөрийг шалгаж, хянасан дүгнэлт, зөвлөмжүүд нь маш ойлгомжтой байдаг шүү дээ. Бид алдаагаа давтаж болохгүй. Харин энд ярьж байгаа гурван бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдэд арилжааны банк зээл өгөөд, зөрүүг нь төсөвтөө суулгаад өгөх хэрэгтэй. Нөгөө талаас нийт үнийн өсөлтөд яаж хяналт тавих юм бэ. Энэ гурваас бусдыг нь яах юм бэ. Миний бодлоор бодлогын хүүг есөөс ч илүү нэмэх байсан юм. Үүнтэй зэрэгцүүлээд ямар арга хэмжээ авах ёстой вэ. Төсвийн тодотголоо яаралтай өргөн барь. Тэгвэл бусад бүх барааны үнийн өсөлт хязгаарлагдана.
Б.ЖАВХЛАН: -УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга нь ингэж болгоомжилж буйд хүндэтгэлтэй хандаж байна. Энэ бодлогын үр дүн нь чухал. Эдгээр нь богино хугацааны шийдэл шүү дээ. Эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Алдаа гаргахгүйг хичээж ажиллана. Хуулийн бичвэрээ эргэж харъя. “Монголбанкаар дамжуулж” гэж бичсэн нь буруу харагдаад байх шиг байна.
Т.АЮУРСАЙХАН (УИХ-ын гишүүн): -Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэхдээ тухайн үеийн Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгч хоёр нь гарын үсэг зурж, эхлүүлсэн. Энэ хөтөлбөр болон өнөөдрийн төслийг харахад хэрэгжүүлж буй арга хэрэгсэл, үүнийг хүртэж байгаа хүмүүс нь ижилхэн байна. Өмнөх хөтөлбөрөө дүгнэж, хаах хэрэгтэй. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийг зориулалтын бусаар ашигласан хэдэн аж ахуйн нэгж байгаа юм бэ?
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: -Тантай санал нэг байна. Улстөрчдийн шуналаас болж олон асуудал үүсэж байгаа. Хөгжлийн банкны асуудал ч тэр. Үүнд хуулийн дагуу арга хэмжээ авна. Цаашлаад сангуудыг ухвал олон гишүүн холбогдоно. Нэрсийг нь олон нийтэд дэлгэхээр бэлдсэн. УИХ-ын гишүүд ийм зүйлд оролцохоо больчих хэрэгтэй. Олон нийт хяналт, ёс зүйн шаардлагыг сайн тавьдаг болсон шүү. УИХ-ын гишүүн, эсвэл бизнесмен байх уу гэдгээ шийдэх цаг иржээ. Өмнөхөө дүгнээд, шаардлагатай бол хариуцлага тооцно.
Б.ЛХАГВАСҮРЭН: -Олон улсын аудитын компани Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хяналт хийсэн. Үүнийг Төвбанк дангаараа хэрэгжүүлээгүй. Арилжааны банк хохирол хүлээсэн жишээ ч бий.