УИХ-ын гишүүд “Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төслийг өргөн барив. уг хуулийн т слийн гол агуулгын талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Манай улсад хийсэн судалгаагаар чихрийн шижин болон таргаллалт нь нийгэмд тулгарсан гол асуудлын нэг болоод байна. Тухайлбал, 7-11 настай хүүхдүүдийн таргалалт сүүлийн долоон жилийн дотор долоо дахин өссөн судалгаа гарчээ. Иймд урт хугацаанд үр дүнгээ өгөх хуулийн төслийг өргөн барьж байна.
Чихрийн хэмжээг хэт их авч байгаа хүмүүсээс судалгааг авахад 68 хувь нь дангаараа ундаанаас авдаг гэх тооцоолол бий. Тус хуулиар татварын орлого олох бус эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулах, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал чиглэсэн хууль юм. Чихэрлэг ундааны татварыг нэмснээр үнэ нь нэмэгдэх болно. Дэлхийн улс орнууд чихэрлэг ундааны асуудлыг үнээр зохицуулж байгаа. Хүүхдүүд аль болох үнэтэй чихэрлэг ундаа авах бус аль болох хямд чихэр багатай ундаа руу шилжилт хийх болно. Бид хуулийн төслийг 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээр оруулж байгаа. Энэ хугацаанд хуулийн хэлэлцүүлэг болон ард иргэдэд таниулах сурталчилгаа хийх болно" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Монгол хүнийхээ эрүүл мэндийг бодох цаг хэдийн болсон. Жилдээ 10 мянган хүнээ хоёр өвчнөөр алдаж байна. 6,000 гаруй хүнийг зүрх судасны өвчнөөр, 4,000 гаруй хүнийг хорт хавдраар алдаж байгаа юм. Монгол хүн урьдчилан сэргийлж болох өвчний улмаас нас барж байгаа нь эмгэнэл. Бид хүнсэндээ анхаарч, эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралаар амьдрах цаг хэдийн болсон. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 насаар бага байгаа нь амьдралын хэв маягтай холбоотой. Зургаан настай хүүхдүүдийн дунд илүүдэл жин 28 хувьтай байна.
Манай улсын нийт иргэдийн дунд таргалалт анхаарах хэмжээнд очсон. Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төсөлд 100 грамм ундаа таван граммаас дээшгүй чихэрлэгтэй байвал татвар нэмэхгүй талаарх заалтыг оруулсан. Үүнээс хэтэрсэн буюу эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ундаанд татвар оногдуулахаас өөр аргагүй. Энэ нь ямар нэгэн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн эсрэг арга хэмжээ биш. Хэрвээ үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг хүүхэд, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнээс бууруулбал уг хуулийн хэрэгжилтийг зогсоох боломжтой" гэх мэдээллийг өглөө.