Хотын дарга асан Э.Бат-Үүл өлсгөлөн зарлаж байгаа хэмээн түүний хүү Б.Чулуудай өнөөдөр мэдээллээ.
Түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам "Олон нийтийн дунд Э.Бат-Үүл нь ял эдэлсэн хүн учраас хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг эдлэх үндэслэл байхгүй. Мөн ар гэрийнхэнтэйгээ захидлаар харилцах хуулийн үндэслэл байхгүй гэх мэдээлэл цахим орчинд тархсан байна. Үүнд тайлбар өгье.
Хорих 409-р ангид шүүхийн эцсийн шийдвэр гараагүй болон гэм буруутай нь тогтоогдоогүй хүмүүс тэнд хоригддог. Иймд энэ хүний хэвлэн нийтлэх, захидлаар харилцахыг хуулиар хорих ямар ч үндэслэлгүй юм. Үндсэн хуулийн хүрээнд Монгол улсын иргэн хэвлэн нийтлэх, үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгосон байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд Украинд болж байгаа нөхцөл байдлын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь зүйтэй хэмээн үзэж байна" гэлээ.
Тэрбээр "Аав минь "Путины колоничлол эргэн ирэх үү?” гэсэн нийтлэлийг 3-р сарын 7-ны өдөр бичсэн. Энэ нийтлэлийг нь прокуророос хаасан, мөн захидал харилцааны эрхийг нь хассан. Надад болон миний охинд бичсэн захидлыг өгөөгүй. Мөн хоёр нийтлэл бичсэнийг гаргуулаагүй. Эрхээ сэргээлгэхээр хандсан боловч шийдвэрлээгүй. Тиймээс хууль ёсны эрхээ сэргээлгэхийн тулд хорих ангид өлсгөлөн зарлах болсноо мэдэгдсэн. Ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь өлсгөлөн зарлахыг дэмжихгүй байгаа хэдий тэрээр өөрийнхөө эрхийн төлөө өлсгөлөн зарлана гэдгээ биднээр дамжуулж хэлэхийг хүссэн юм" гэх мэдээлэл өглөө.