АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, нийслэлийн АН-ын дэд дарга Д.Энхтуяа нар өчигдөр мэдээлэл хийлээ. Ч.Өнөрбаяр АН-ын даргын сунгаа хууль бус болохыг тодотгоод, “Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар АН-аас нэр дэвшиж, сонгогдсон Х.Баттулга ардчилсан тогтолцоог хамгаална гэж амласан. Гэсэн ч Төрийн тэргүүний тангараг өргөсөн цагаасаа Монголын ардчилалд заналхийлж эхэлсэн. Тэр Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх талаар ярьж, энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын эсрэг уриалга гаргаж, шахах болсон юм. Ерөнхийлөгчийн засаглалтай болгох санаагаа ч ил, далд хэлбэрээр илэрхийлж байсан. Ийм хүн АН-ын дарга битгий хэл, гишүүн ч байх эрхгүй” гэв. Улмаар тэд мэдэгдэл гаргасан бөгөөд үүнд “Эрx зүйт төрийг дээдэлсэн, xуулийн засаглалыг үнэт зүйлээ болгосон АН-ын нэр, албан бланк, туг, бэлгэ тэмдэг зэргийг нэр бүxий этгээдүүд хууль бусаар ашиглан, намын даргын сунгааг зарласан мэтээр гишүүд, олон нийтийг залилан мэхэлж, төөрөгдүүлэx оролдлого хийж байна. Хуулийн этгээдийн, тодруулбал, АН-ын нэрийг барин залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй дээрх хууль бус үйлдлийг шалгуулахаар хууль, хяналтын байгууллагад хандаж байгаагаа мэдэгдье. Ерөнxийлөгчөөр ажиллаж байсан иргэн Х.Баттулга нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тамгыг ашиглан 2021 оны зургадугаар сарын 1-нд АН-ын гишүүнчлэлээ үндэслэлгүйгээр, дүрмийн бусаар сэргээсэн” хэмээжээ.
Бэлтгэсэн У.Наран