УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос өчигдөр Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав. Хүнд, хөнгөн үйлдвэр, барилгын салбарын асуудал хариуцсан сайдууд болон төслийг санаачлагч С.Бямбацогт нарын зарим гишүүн чиглэл, чиглэлийн дагуу танилцуулга, мэдээлэл өгсөн. Улмаар тэд оролцогчдын асуултад хариулсан юм.
Б.Баатарчулуун (“Эрдэнэт техно парк” ХХК-ийн ТУЗ-ийн дарга) "2003 онд УИХ тогтоол батлан, бүсчилсэн хөгжлийн бодлогыг парк байгуулахтай уялдуулахаар шийдвэрлэсэн. Бид ч бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан, хангайн бүсийнхээ нөөц бололцоог бодолцон паркийнхаа ТЭЗҮ-ийг боловсруулсан. Одоо хэлэлцэж буй төсөлд бүсчилсэн хөгжлийн бодлого, зарчим нь хэвээр хадгалагдах уу. Мөн Аж үйлдвэрийн яам ажиллаж байхад паркийн асуудал хариуцсан тусгай хэлтэстэй байлаа. Одоо хүнд үйлдвэрийн асуудал яаманд харьяалуулчихаар, жишээ нь манайх холимог парк учраас төвөгтэй байдаг. Шинээр байгуулж буй Эдийн засаг, хөгжлийн яаманд үүнийг харьяалуулбал бидэнд дөхөмтэй" гэж хэлэв.
С.Бямбацогт (Төсөл санаачлагч) "Бүсчилсэн хөгжил, тулгуур төвүүддээ анхаарал хандуулна. Гэхдээ бүсчилсэн хөгжлийн бодлогоо ойрын үед шинэчилнэ. Өөрөөр хэлбэл, бодлого нь одоогоор тодорхойгүй байна. Тиймээс ч бүсийн төвүүдэд парк байгуулах талаар үзэл баримтлал төсөлд байхгүй. Хүнд, хөнгөн үйлдвэрийн, эсвэл барилгын материалын парктай байх, эсэхийг Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэн, бодлогоо тодорхойлж явах уян хатан зохицуулалт төсөлд оруулсан" гэлээ.
н.Ерөөлт (“Барилга кластр” компани) "Бид Хонхорт үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хуулийг баталснаар хувийн хэвшлийн санаачилгаар барьж байгаа паркийг Засгийн газраас хэрхэн дэмжих вэ. Мөн хүнд, хөнгөн үйлдвэр, барилгын материалын паркуудын уялдаа холбоо ямар байх вэ? "
С.Бямбацогт "Улсын буюу стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит парк байж болохоор төсөлд тусгасан. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд, эсвэл хувийн хэвшил дангаараа парк байгуулж болно. Парк байгуулах суурь дэд бүтцийг төр шийдэхээр тусгасан нь төслийн хамгийн гол зохицуулалт. Түүнчлэн холбогдох татваруудыг эхний таван жилдээ 100, 6-10 дахь жилд 50 хувь чөлөөлөхөөр заасан. Хаана, ямар чиглэлд парк байгуулахаа Засгийн газар тодорхойлно. Уялдаа холбооны тухайд барилгын материал, хөнгөн, хүнд үйлдвэрийн паркийн талаар нэгдсэн ойлголттой болно" гэв.