Ерөнхийлөгчийн санаачилгаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Тамгын газрынхаа дарга Я.Содбаатарыг томилжээ. Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар хамтран “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах үеэр үүнийг мэдээлсэн юм. Уг нь УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, гишүүн Ц.Мөнхцэцэгийг ахлагчаар нь томилж, саяхныг хүртэл тэд энд, тэнд боловсруулсан төслөө танилцуулан, цөөнгүй хэлэлцүүлэг хийж байсан билээ.
Дээд шүүхэд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа намуудын төлөөлөл тус хэлэлцүүлэгт оролцсон. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улс төрийн намын тухай хуулийг шинэчилж, Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хууль батлахаар зорьж буйг тодотгов. Түүний хэлснээр Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгч УИХ-ын ирэх хаврын чуулганы үеэр өргөн барих юм байна. Мөн тэрбээр Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулалтын шатандаа явааг дуулгасан ч ажлын хэсгийг нь хэн ахалж байгаа нь тодорхойгүй үлдэв.
Ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар “Төрийн тэргүүн улс төрийн намын шинэтгэлийг цогцоор нь харж, улсын хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлан хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Улс төрийн намын шинэтгэлийг хийх үндсэн зорилго нь парламентын ардчилал, Үндсэн хуульт ёсны төлөвшлийг гүнзгийрүүлэх чиглэлд явах ёстой. Улс төрийн намууд санал нэгдэж чадвал энэ төслийг өргөн барина” хэмээсэн. хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах саналаа улс төрийн намууд ажлын хэсэгт бичгээр гаргаж өгөх боломжтой юм байна.
Бэлтгэсэн У.Наран