Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар өчигдөр ээлжит хуралдаанаараа хэлэлцэв. Улмаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр парламентад өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээг хэлэлцээ хийж гэрээ байгуулах аргаар зохион байгуулахаар уг төсөлд тусгажээ. Ингэхдээ эдгээрийн санхүүжилтийн 30-аас доош хувийг төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс гаргах бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөхгүй байх тухай зохицуулалтыг төсөлд оруулсан байна.
Мөн худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, шаардлагатай зүйлийг төрийн мэдээллийн сангуудаас авах технологийн нөхцөл бүрдсэн аж. Эл дэвшилтэт талыг ашиглан захиалагч шийдвэр гаргаж, гэрээ байгуулах 30 хоногийн хугацааг багасгаж, ажлын 15 хоногт багтаах юм байна. Урт хугацаанд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний хувьд захиалагч, гүйцэтгэгчээс үл хамааран төсөвт өртөг зайлшгүй нэмэгдэх тохиолдол байдаг. Иймд хуулиар төсөвт өртгийг шинэчлэн баталсан бол гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх боломжийг бий болгох гэнэ. Түүнчлэн захиалагч байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээний нэгж үнэ болон бусад нөхцөлийг тохиролцон гурав хүртэл жилийн хугацаагаар гэрээ байгуулах боломжтой. Тендерт оролцогч иргэн, аж ахуйн нэгжид тулгарч буй санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор тендерийн болон гүйцэтгэлийн баталгааны хувь хэмжээг бууруулах зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ.