УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хамтран “Төрийн албаны шинэтгэл-Төрийн бүтээмж” сэдэвт сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна. Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Төрийн бүтээмжийг сайжруулахад хүний хүчин зүйл маш чухал. Ялангуяа төрийн албан хаагчдын үүрэг оролцоо, манлайлал шийдвэрлэх нөлөөтэй. Иймд албан хаагчдын хандлага, соёлыг дээшлүүлэн, бага хугацаанд үр дүнтэй ажиллах, бүтцийн зохистой хэмжээг тогтоох талаар энэ удаа онцолж байна” гэсэн бол Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдыг хөгжүүлэх, чадавхжуулах ажлыг нэлээд зохион байгуулж буй ч хүнд суртал, сул тал байсаар байгаа” хэмээсэн.
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”- ынхоо хүрээнд зургаан зорилт дэвшүүлсэн. Эдгээрийн нэг нь төрийн албаны бүтээмжийг дээшлүүлэх явдал. Үндсэндээ төрийн байгууллага, албан тушаалтан нь “түгжрэл” үүсгэдэг болсныг болиулна. Ховд аймгийн хэмжээнд 2024 он хүртэл бүх байгууллага, сумын Засаг дарга нарыг ямар ажил хийх тухайгаа албан бичгээр уламжилж, өнөөгийн нөхцөл байдлаа үнэлж, дүгнэхийг хүссэн ч 27 байгууллагын удирдлага, үүн дотор 16 сумын Засаг дарга хариу ирүүлээгүй. Төр, ард түмний төлөө ажиллана, намайг сонгож, томилоод өгөөч гэдэг атлаа ажлаа зохих ёсоор хийдэггүй, ямар ч мэдээлэл солилцдоггүй. Тиймээс эхний ээлжид байгууллагын удирдлагуудыг хөгжүүлэх үүднээс энэ сургалтыг зохион байгуулж байна” гэв.
Бэлтгэсэн У.Наран