УИХ-ын хаврын ээлжит завсарлагааны үеэр парламент хоорондын харилцан айлчлалууд болж байна. Өнгөрсөн долоо хоногт Европын парламентын төлөөлөгчид манай улсад айлчилж, зөвлөлдөх уулзалт хийсэн бол УИХ-ын зарим гишүүн хилийн чанадад ажиллаж байна. Тухайлбал, Австрийн Вена хотноо болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын ассамблейн өвлийн, 21 дэх хуралдаанд Монголын парламентыг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оролцлоо. Тэрбээр УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын ассамблейтай харилцах бүлгийн дарга юм. Улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин болон ардчилал, хүний эрх, хүмүүнлэгийн асуудал хариуцсан гурван хороо хуралдаж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн ерөнхийлөгч Маргарета Седерфэлттэй уулзаж, олон улсын аюулгүй байдлын өнөөгийн тогтолцоонд үүсээд буй шинэ нөхцөл байдалд эерэг, эвийг эрхэмлэсэн, тал талын эрх ашгийг тооцсон шийдэл, үүрэгтэйгээр оролцохын чухлыг онцолсон байна. Мөн тэрбээр Британи, Франц, Болгар, Словак, Гүрж зэрэг улсын парламентын төлөөлөгчдийн тэргүүнтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Түүнчлэн УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, гишүүн Ц.Сэргэлэн нар Бүгд Найрамдах Франц Улсын Сенат (тус улсын парламентын дээд танхим)- ын гишүүн, Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүэйгийн урилгаар тус улсад айлчлав. Энэ үеэр манай гишүүд Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн гишүүдтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн Үндэсний ассамблей (доод танхим) дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Франсуа Латомб төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Өнгөрсөн есдүгээр сард Франц улсын Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилсан юм.
Бэлтгэсэн У.Наран