УОК-оос цар тахлаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах нэрийн доор өнгөрсөн хоёр жилд хүний эрхийг илт зөрчсөн, зарим талаар уландаа гишгэсэн гэмээр ч шийдвэрүүд гаргаж ирсэн. Ийм тохиолдол бүрт Хүний эрхийн үндэсний комиссоос УОК-т зөвлөмж хүргүүлж, бас хуралдаануудад нь оролцох хүсэлтээ илэрхийлж байсан ч хүлээж аваагүй билээ. Гэтэл ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр УОК-ын төлөөлөл өчигдөр ХЭҮК-ынхонтой уулзаж, хамтран ажиллахаа илэрхийлжээ. ХЭҮК-оос 2020-2021 онд цар тахлаас улбаатай 362 гомдол, мэдээлэл хүлээн авсан бөгөөд 53 удаа хяналт шалгалт зохион байгуулсан аж. Тэдгээрийн дагуу ХЭҮК-ын гишүүдийн түвшинд 13 шаардлага, 15 зөвлөмжийг УОК-т хүргүүлжээ. Мөн комиссын түвшинд есөн санал, 10 зөвлөмжийг хүргүүлж байжээ. Гэтэл эдгээрт хариу өгч, шийдвэрлээгүй УОК цар тахлын нөхцөл байдал харьцангуй намжсан үед гэнэт “ухаарч”, хүний эрхэд анхаарахаар болов. Хамтын ажиллагааны хүрээнд дээрх хоёр байгууллагынхан сар бүр тогтмол уулзаж, ХЭҮК-ын санал, зөвлөмжийг сонсохоор болсон гэнэ.