Монгол, ХБНГУ-ын Засгийн газар хамтран Германы Сэргээн босголт, зээлийн банкны санхүүжилтээр манай улсад “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл” хэрэгжүүлж буй. Тусгай хамгаалалттай бүсийн менежментийг сайжруулах замаар биологийн олон янз байдлыг хамгаалах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зорилготой эл төслийнхөн өчигдөр “УАЗ Фургон” маркийн долоон машин, 22 төрлийн 575 техник, тоног төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад хандивлалаа. Уг арга хэмжээнд ХБНГУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Й.Розенберг, Германы Сэргээн босголт, зээлийн банкны Монгол дахь салбарын захирал М.Зумзер болон БОАЖЯ-ны удирдлагууд оролцов. Ташрамд дурдахад, эл төслийг 12 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд зүүн, төв, хангайн бүсийн 11 газарт төвлөрч ажиллах юм.