Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 18-20-нд ХБНГУ-д болсон, аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 58 дахь бага хуралд оролцов. “Аюулгүй байдлын бодлогын Давос” гэгддэг уг бага хурлыг ХБНГУ-ын Засгийн газар Бавари мужийн захиргаатай хамтран жил бүрийн хоёрдугаар сард зохион байгуулдаг уламжлалтай. Цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жил тасалдаж, 2021 онд цахимаар зохион байгуулсан тус бага хурлыг энэ онд оролцогчдыг биечлэн байлцуулан хийлээ. Тиймээс өмнөх хурлуудаас цөөн оролцогч иржээ.
Сайд Б.Батцэцэг тус хурлын үеэр хэд хэдэн уулзалт хийв. Тухайлбал, Баваар муж улсын Засгийн газрын Европ, олон улсын асуудал хариуцсан сайд Мелани Хумлттай уулзлаа. Тус мужийн 120 гаруй компани, аж ахуйн нэгж Монгол Улстай холбоотой үйл ажиллагаа явуулдгийг дурдаад, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг сайд Мелани Хумлт онцолсон. Тэд хөнгөн үйлдвэр, цахим инновац, технологи, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдгээр салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшил хоорондын харилцааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бизнес форум зохион байгуулах боломжийг эрэлхийлж ажиллана гэв.
Мөн сайд Б.Батцэцэг Исланд Улсын Гадаад хэргийн сайд Тордис Колбрун Рейкфьорд Гильфадоттиртай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монгол болон Исланд улс нь эрс тэс уур амьсгалтай, харьцангуй цөөн хүн амтай, аялал жуулчлалын улирал нь богино байдаг зэрэг олон нийтлэг зүйлтэй. Тиймээс байгалийн аялал жуулчлалд суу рилсан шинэлэг бөгөөд өвөрмөц аяллын төрлүүдийг хөгжүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож ажиллахаар санал нэгдсэн. Түүнчлэн цахилгаан, дулааны хэрэгцээгээ усан цахилгаан станц, газрын гүний дулаан зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс хангадаг Исландын туршлагыг Монголын тал судалж, нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Исланд улсад суралцаж буй монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ сайд Тордис Колбрун Рейкфьорд Гильфадоттир мэдэгдсэн юм. Түүнчлэн сайд Б.Батцэцэг ХБНГУ-ын Гадаад харилцааны дэд сайд Т.Линднертэй уулзаж, Монгол Улсын Засгийн газар цаашид цар тахлын хязгаарлалтын түвшнийг бууруулж, иргэдийн урсгал, зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх бодлого явуулж байгааг танилцуулав. Улмаар хоёр орны иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг сэргээхийг эрмэлзэж буйгаа энэ үеэр илэрхийллээ. Цаашид цар тахлаас шалтгаалан зогсонги байдалд орсон дээд, өндөр түвшний харилцан айлчлалуудыг сэргээх, Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалтыг идэвхжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэв.
Сайд Б.Батцэцэг Словени Улсын Гадаад хэргийн сайд Анже Логартай уулзаж, цаашид хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа аялал жуулчлал, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар онцлов. Үүний хүрээнд хоёр улсын Гадаад харилцааны яам болон бусад байгууллага хоорондын зөвлөлдөх уулзалтыг цахимаар зохион байгуулахаар тохирлоо. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Анн Линдэтэй уулзахдаа ардчилал, хүний эрх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж ирснийг тэмдэглэсэн. Мөн сайд Б.Батцэцэг Энэтхэг Улсын гадаад хэргийн сайд Субраманяам Жайшанкартай уулзаж, мэдээлэл харилцаа холбоо, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж ажиллахаар санал солилцов. Тус бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дэлхийн зарим улсын Гадаад хэргийн эмэгтэй сайд нартай чуулжээ. Ийм уулзалтыг НҮБ-ын Ерөнхий ассамблей болон бусад олон улсын бага хурлын үеэр уламжлал болгон зохион байгуулдаг. Тэд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг өргөн сэдвийн хүрээнд ярилцаж, санал солилцлоо.
Бэлтгэсэн У.Наран