УИХ-ын дарга Г.Занданшатар Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээл, зээлдэгчдийн тухай нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан сэтгүүлчдийн төлөөлөл болон тус банкны асуудлыг шалгах зорилгоор УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхнийг өчигдөр хүлээн авч уулзан, санал солилцож, ажлын хэсгийнхэнд үүрэг өгчээ. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал бараг 10 жилийн турш яригдсан ч өдгөө олны анхааралд хүрч, хөндөгдөж буй нь сэтгүүлчдийн ажлын үр дүн гэдгийг УИХ -ын дарга тэмдэглэв. Улмаар олон талт хамтын ажиллагааны дүнд өчигдрийн байдлаар 50 гаруй тэрбум төгрөгийн өр төлөгдсөнийг онцоллоо. Түүнчлэн энэ улиралд багтаан 200 гаруй тэрбум төгрөг төлөгдөх төлөвлөгөө гарсан гэнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Хөгжлийн банкны зээлдэгчдийн үүсгэсэн, хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэхийн зэрэгцээ нөхцөл байдлыг бодитой үнэлэх хэрэгтэй. Зээлээ журмаар нь авч, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хэлмэгдүүлж болохгүй. Харин зээлийг зориулалтын бусаар ашиглагчид болон ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн улстөрчдөд хатуу хариуцлага тооцох ёстой” гэв. Хөгжлийн банканд 2019-2021 онд Үндэсний аудитын газар, Монголбанк, ЗГХЭГ-аас шалгалт хийсэн бөгөөд одоогоор хууль хяналтын байгууллагуудад 44 хэрэг шалгагдаж буй аж. Цаашид дээр дурдсан ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн нээлттэй сонсгол зохион байгуулах гэнэ. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 17-нд эхний, 21-нд эцсийн дүгнэлтээ гаргах юм байна.