Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хот дахь Ерөнхий консулын газрынхан болон нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв хамтран “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох нь” хэлэлцүүлэг зохион байгуулсныг өчигдөр Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Ерөнхий консулын газрын үйл ажиллагааны нэг чиглэл нь улс хоорондын бизнес эрхлэгчдийг холбох, үйлдвэрлэгчдийг дэмжих, бараа, бүтээгдэхүүнийх нь экспортыг нэмэгдүүлэх юм. Тиймээс БНХАУ-ын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэхэд тулгарч буй бэрхшээл, урд хөршийн аж ахуйн нэгжүүдээс тавих нийтлэг шаардлагын талаар хэлэлцүүлэгт оролцогчид ярилцжээ. Түүнчлэн БНХАУ-д зохион байгуулдаг олон улсын, томоохон үзэсгэлэнд хэрхэн оролцох, хил дамнасан онлайн худалдааг хөгжүүлэх, олон улсын шуудангийн үйлчилгээнд нэгдэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Уг арга хэмжээнд хоёр орны 120 орчим аж ахуйн нэгж, албаныхан оролцон, мэдээлэл солилцжээ.