Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжилд тушаа бологч хүчин зүйлсийг шийдвэрлэх замаар “Алсын хараа-2050”-ийг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээх дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ өнгөрсөн оны сүүлчээр баталсан. Эл хөтөлбөрийг үр дүнд хүргэхийн тулд салбар тус бүрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, дэд бүтцийг сайжруулах шаардлагатайг Сангийн сайд Б.Жавхлан онцолж байв. Үүний хүрээнд БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран “Шинэ сэргэлтийн бодлого-аялал жуулчлал” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УУХҮЯ, ЗТХЯ, Соёлын яам зэрэг төрийн захиргааны найман байгууллага, аялал жуулчлалын холбоодын төлөөлөл 250 гаруй хүн оролцсон юм. Эдийн засгийг эрчимжүүлэх, төрөлжүүлэн хөгжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангахад “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбар зохих үүрэг гүйцэтгэсээр ирсэн ч цар тахлын нөлөөгөөр энэ чадамжаа асар богино хугацаанд алдсан. Иймд нэн түрүүнд аялал жуулчлалын салбарын арга хэмжээнүүдийг сэргээх, гадаад, дотоодын жуулчид руу чиглэсэн сурталчилгааг идэвхжүүлэх, аялагч хүлээн авдаг тур оператор, зочлох үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээг сайжруулах, стандартад нийцүүлэх шаардлагатай гэнэ. Үүний дараа жуулчдын аюулгүй байдал, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, дэд бүтцийн хүртээмжид анхаарах шаардлагатайг онцоллоо.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг шар түвшинд шилжүүлсэнтэй холбоотойгоор аяллын компаниуд жуулчид хүлээж авахдаа ямар нэг хүнд суртал, хүлээлт үүсгэлгүй, төвөг чирэгдэлгүй үйлчлэх чиглэлийг Засгийн газраас холбогдох яамдад өгсөн гэдгийг БОАЖ-ын сайд энэ үеэр дурдсан юм.
Түүнчлэн мэргэжлийн холбоодын хамтран боловсруулсан “Аялал жуулчлалын сэргэлтийн стратеги төлөвлөгөө”-г ойрын хугацаанд Засгийн газарт танилцуулахаар болсноо дуулгалаа. Ташрамд дурдахад, коронавирусийн улмаас жуулчны баазуудын орлого 84, тур операторуудынх 80, зочид буудлуудынх 63 хувиар буурч, ажиллах хүчний нөөц 47 хувиар хумигджээ.