Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ.
Тэрбээр, "Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаж, цар тахлын Улбар шар түвшинг Шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Энэхүү шийдвэрийг вакцины бүрэн тунд зорилтот бүлгийн 92 хувь, нэмэлт 3-р тунд 52 хувь, 4-р тунд одоогийн байдлаар 90 орчим мянган хүн хамрагдсан үзүүлэлт болон халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж, Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо ийнхүү зарлаж байна.
Монгол Улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс хүлээн авахад бэлэн байна. Вакцинд хамрагдаж амжаагүй ч Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинд хамрагдах бүрэн боломжтой юм аа. Өөрөөр хэлбэл, ажил төрлийн болон аялал жуулчлалын зорилгоор саадгүй хүрэлцэн ирэх бүхий л бололцоог хангахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно" гэж хэлэв.