Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хурал өчигдөр боллоо. Тус хурлаар салбарын 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтуудыг авто замаар холбох, боомтуудын хэвийн үйл ажиллагааг хангах нь эн тэргүүний зорилт болохыг сайд Л.Халтар онцлов. Мөн Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, 2022 оны намар зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөснийг дурдлаа. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг 2020 оны долдугаар сарын 1-нд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 15-нд нээх бэлтгэл ажлыг харьяа газрууд шуурхайлан хангахыг үүрэг болгожээ. Энэ онд Зүүнбаян-Ханги чиглэлд болон нутгийн баруун зүгээс зүүн тийш босоо чиглэлд төмөр зам барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангахаар болсон гэнэ. Үүнээс гадна далайн тээврийн салбарт олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд нэгдэн, үйл ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатайг холбогдох албаныханд нь ЗТХЯ-наас үүрэг болгосон байна.
Бэлтгэсэн С.Дулам