БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсын дарга Си Зиньпинтэй уулзаж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, жишиг болгон хөгжүүлэх, хоёр улсын Засгийн газрын хооронд хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бодлогын баримт бичгүүдийг уялдуулах, эрх баригч намуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Хятадын талын дэвшүүлсэн “Бүс ба зам”, “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай уялдаж байгааг тэмдэглэлээ. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд нарын уулзалтаар яригдсан хоёр улсын боомтуудыг холбох төмөр замын төсөлд онцгойлон анхаарал хандуулахыг хүссэн юм. Тухайлбал, Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын бүтээн байгуулалт болон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөл зэргийг дурдав.
БНХАУ-ын дарга Си Зиньпин Бээжин хотноо зохион байгуулж буй өвлийн олимпын XXIV наадмыг Монгол Улс бүх талаар дэмжиж байгаад талархал илэрхийлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй төсөл, хөтөлбөрүүд бодит ажил болно гэдэгт итгэж, бүх талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Тэрбээр Монгол, Хятад улс нь уул, усаар холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд хоёр орны харилцааг хамгаалах, бэхжүүлэх, хөгжүүлэх нь тэдний урт хугацааны болон язгуур эрх ашигт бүрэн нийцнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Харин Өмнөд хөршийн Төрийн тэргүүнтэй хийсэн уулзалтын талаар Хятадын хэвлэлүүдэд “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сайн хөршөө алтаар ч солихгүй. Хятадын хөгжлийн хурдны тэргэнд сууж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Монгол Улс бэлэн” хэмээсэн талаар дурдсан байна.
“МОНГОЛЫН ТАЛ “НЭГ ХЯТАД”-ЫН БОДЛОГЫГ ТУУШТАЙ БАРИМТАЛНА”
Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдэлд “Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдтэй холбоотой асуудлаарх Хятадын байр суурийг дэмждэгээ дахин нотлов. Цар тахлын нөхцөл байдал намжиж, тохиромжтой нөхцөл бүрдсэн үед талууд хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг сэргээн эрчимжүүлнэ. Талуудын холбогдох байгууллагууд харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л хэлбэрээр сайжруулна. Хоёр улсын аж ахуйн нэгжүүдийг зах зээлийн зарчим болон худалдааны дүрэм, журмын дагуу нүүрс зэрэг уул уурхайн бусад бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхийг дэмжиж, Монгол Улсын өмнөд бүс нутагт нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхийг судална. Нэр хүнд бүхий шилдэг аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад хөрөнгө оруулах, дэд бүтэц, хот байгуулалт, уул уурхай, эрчим хүчний төсөлд оролцохыг Хятадын тал дэмжинэ. Монголын тал, дотоодын бизнесийн орчноо улам сайжруулж, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаална” хэмээн дурджээ.
Ерөнхий сайд нарын албан ёсны уулзалтын үеэр талууд Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Монгол Улсаас БНХАУ руу сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн протоколд гарын үсэг зурсан байна. Мөн Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүн хатавчийн боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг харилцан тохиролцох тухай ноот бичиг солилцсон юм.
УЛААНБААТАРЫГ ХҮРЭЭЛСЭН ТОЙРОГ ХУРДНЫ ЗАМ БАРИХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЖЭЭ
Түүнчлэн Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан, Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жыжөтэй уулзсан байна. Үүнийг урьдчилан товлоогүй байсан ч Ерөнхий сайд нарын албан ёсны уулзалтын мөрөөр зохион байгуулсан аж. БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хийсэн уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн онцолсон, дээр дурдсан төслүүдээс гадна Гашуунсухайтын боомтоор одоо гаргаж буй нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, нийслэлийг хүрээлсэн тойрог хурдны зам барих талаар санал солилцжээ. Дэд дарга Нин Жыжө Монголын талаас дэвшүүлж буй төслүүд нь хөрш гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах, манай хоёр орны эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны хүрээ болон “Бүс ба зам” санаачилгатай уялдаж байгааг тэмдэглээд, дээрх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг судалж, дэмжин ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн эл уулзалтын мөрөөр дахин бэлтгэл хангаж, холбогдох байгууллагууд хоорондын уулзалтыг энэ сарын дундуур хийхээр тохиролцжээ.
Бэлтгэсэн У.Наран