Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш болох нь. Тус хуралдаанаар Ардын чуулган нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын төв нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэх аж. Сонирхуулбал, Ардын чуулган намыг УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу үүсгэн байгуулжээ. Тэрбээр Үнэн ба зөв намыг байгуулсан, “нууц ноёнтон” нь гэгдэж байсан нь саяхан.
Түүнчлэн тус хуралдаанаар МАН болон АН-ын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт, Л.Оюун-Эрдэнийг Ардын намын даргаар бүртгэх, эсэхийг шийдвэрлэх аж. Сүүлийн жилүүдэд өрнөж буй АН-ынхны талцал, тамга, бүртгэл тойрсон маргааныг эцэслэхэд эл хуралдааны шийдвэр хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байна.
ШИНЭН-ЫН ДАРГААР Ц.ГАНТУЛГЫГ БҮРТГЭХ ҮҮ
Мөн ШИНЭН-ын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаажээ. Нэгэн цагт АН-ын нөлөө бүхий гишүүд гэгдэж явсан Л.Болд, Ж.Батзандан нар ШИНЭН-ыг үүсгэн байгуулсан. Намынхандаа гомдож, бачуурахдаа байгуулсан намаа өдгөө тэд хөсөр хаяж, Л.Болд Бельгийн Хаант Улсад Элчин сайдаар суухаар одсон бол Ж.Батзандан Австрали дахь Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж буй. Өнгөрсөн сард тус намын Ерөнхий зөвлөл хуралдаж, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргалыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Р.Ууганбаатарыг түр томилсон. Мөн өнгөрсөн аравдугаар сард УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд ШИНЭН-аас нэр дэвшсэн Ц.Гантулга өдгөө тус намыг удирдаж буй билээ. Гэсэн ч Дээд шүүхийн бүртгэлд ШИНЭН-ын даргаар Ж.Батзандан бүртгэлтэй хэвээр байгаа аж. Тэрбээр фэйсбүүк хуудсаараа үе үе “мэдэгдэл” хийдэг бөгөөд хамгийн сүүлд буюу шинэ оны эхэнд “2020 оны сонгуулийн дараа тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд намайг Австрали улс руу томилж, ардчилал өндөр хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж ир хэмээн илгээсэн. Миний бие энэ нутагт ирж, бүтэн нэг жил орчим судалгааны ажил хийж, номын дуу сонслоо. Нөхдийн хамт “Шинэ хувьсгал” хэмээх номоо бичиж хэвлүүллээ. Эл номд Монгол оронд зайлшгүй хийх ёстой 18 эрс шинэчлэлийг тусгасан. Миний бие засгаас өгсөн үүрэг даалгавар, судалгааны ажлаа хийж дуусгасан тул эх орондоо удахгүй очно” хэмээсэн юм.
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ТООЛОХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ САНАЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай тогтоолын төсөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2-т заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн санал үндэслэлтэй, эсэхийг шийдвэрлэх аж. Түүнчлэн Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэх юм байна. Үүнээс гадна Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг тайлбарлах тухай “хууль тайлбарлах хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон” Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох, эсэхийг хэлэлцэх гэнэ.
Коронавируст халдварын дэгдэлтийн улмаас Дээд шүүх үйл ажиллагаандаа өнгөрсөн сарын 27-ныг дуустал хязгаарлалт тогтоогоод байсан бөгөөд дээрх хуралдааныг хойшлуулсан юм.
Бэлтгэсэн Б.Уран