БНХАУ-д айлчилж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийлээ. Хоёр улсын Ерөнхий сайд нар иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх нь хоёр талын хөгжлийн эрх ашигт харилцан нийцнэ гэдэгт санал нэгдэв. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”- ын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах болон ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангахаар тэд тохиролцсон байна. Мөн хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр нягт хамтран ажиллах санал дэвшүүлэв.
СВОП ХЭЛЦЛИЙН ГЭРЭЭНИЙ ХУГАЦААГ 2026 ОН ХҮРТЭЛ СУНГАХ ТАЛААР ЯРИЛЦАВ
Айлчлалын үеэр Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод болон Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавчийн боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцлоо. Түүнчлэн эдгээр болон Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарч буйг мэдэгдлээ. Үүнээс гадна Монголбанк, Хятадын Ардын банкны хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хугацааг цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг хэвийн байдалд ортол буюу 2026 он хүртэл гурван жилээр сунгах талаар ярилцсан байна. Мөн БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгад дэвшүүлсэн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийн тулд Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 километр хурдны зам барих төслийг урагшлуулах талаар тэд санал солилцов. Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд БНХАУ-ын дэвшилт технологид үндэслэсэн, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хурдны тойрог замын сүлжээ байгуулах зэрэг төслийг хамтран хэрэгжүүлэхээр зөвшилцлөө. Ерөнхий сайд нар
ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлагдсан тул энэ ажлыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцсон юм. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэж, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслүүд, тухайлбал, “Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахаа хэлэв.
Ерөнхий сайд Ли Көчян цар тахлаас үүдэн, хязгаарлалтад ороод буй Замын-Үүд-Эрээний боомтыг хэвийн горимд оруулах асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд айлчлалын хугацаанд Хятадын талын холбогдох албан тушаалтнуудтай хийх нэмэлт уулзалтуудыг товлолоо.
Ерөнхий сайд Ли Көчян цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж иргэдийн харилцан зорчих болон тус улсад суралцаж буй монгол
оюутнуудыг БНХАУ-д очиж, танхимаар хичээллэхтэй холбоотой асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээ илэрхийлэв.Үүний зэрэгцээ тус улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэхээ илэрхийлсэн байна. Мөн цар тахлын эсрэг тэмцэлд Хятадын тал цаашид үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, “Ковид-19”-ийн эсрэг вакцин нийлүүлэх боломжтой гэлээ.
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвлийн олимпын наадмын нээлтэд оролцохоор ирсэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй уулзлаа. Энэ үеэр ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад оруулах хувь нэмрээ тодотгосонд талархал дэвшүүлж, НҮБ-ын зүгээс дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзлаа. Энэ үеэр Монгол, Орос, Хятад улсын Төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг зохион байгуулах талаар тэд санал солилцсон байна.
Ташрамд дурдахад, айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, УИХ дахь Монгол, Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Элчин сайдын яамны Элчин зөвлөх, гуравдугаар нарийн бичгийн дарга, хэлмэрч болон Ерөнхий сайдын хэвлэлийн багийн зураглаач, зурагчин, хамгаалагч зэрэг 15 хүн багтжээ.
Бэлтгэсэн У.Наран