Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ)-ын энэ оны чуулган Женев хотноо эхэлжээ. ЗХБХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Женев дэх төвийн ерөнхий захирал Татьяна Валовая чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ “Өдгөө үүсээд буй геополитикийн хурцадмал байдлыг намжаахад олон талт болон дипломат хамтын ажиллагаа нэн чухал” хэмээн онцлоод, тэдний өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэж, урагшлуулахын тулд тус бага хурлын гишүүдийг бүтээлчээр оролцохыг уриалав.
Манай улс энэ онд ЗХБХ-ын “21-ийн бүлэг”- ийн зохицуулагчаар ажиллаж буй бөгөөд Монголоос НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн тус бүлгийг төлөөлөн оролцож, үг хэллээ. Тэрбээр зэвсэг хураах болон үл дэлгэрүүлэх чиглэлд олон талт дипломат ажиллагаа онцгой үүрэгтэй болохыг тэмдэглээд, энэ талаарх хэлэлцээний цорын ганц талбар болох ЗХБХ-ын үүрэг, үйл ажиллагааг бэхжүүлэх замаар ач холбогдлыг нь хадгалахын чухлыг онцолсон юм. Түүнчлэн үндсэн үйл ажиллагааг нь эрчимжүүлж, цөмийн зэвсгийг хураах хэлэлцээг эхлүүлэх зэргээр бодит ажлыг сэргээх шаардлагатайг хэллээ.
Ташрамд дурдахад, ЗХБХ-ыг зэвсэг хураах асуудлаар 1978 онд болсон, НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулганы үр дүнд “олон улсын хамтын нийгэмлэгийн цорын ганц чуулган” хэмээх статустайгаар 1979 онд байгуулсан юм. Тус байгууллагаас Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ, Биологийн зэвсгийг хориглох болон Химийн зэвсгийг хориглох тухай конвенц, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээ зэргийг баталсан билээ. Харин сүүлийн 25 жилийн хугацаанд ЗХБХ нь гишүүн улсуудын байр суурийн зөрүүтэй байдлаас шалтгаалж үйл ажиллагаа нь удааширч, гэрээ, хэлэлцээрийн төсөл хэлэлцэх үүргээ зарим талаар биелүүлж чадахгүйд хүрээд буй аж.