Монголын дугуйн спортын тамирчид олимпын эрх авахын тулд мэргэжлийн багт уралдан, олон улсын хуваарьт орсон тэмцээнүүдээс оноо цуглуулах өндөр шалгууртай. 1995 онд Олон улсын сонирхогчдын болон мэргэжлийн дугуйчдын холбоо нэгдсэнээр чансаагаараа шалгарсан 50 орны 200 дугуйчин олимпод оролцох эрхтэй болжээ. “Парис-2024” олимпын наадмын тэмцээнд оролцох эрх авахын тулд манай улс холбооныхоо дэргэд мэргэжлийн баг байгуулах, мөн шилдэг тамирчдаа гадаадын дугуйн мэргэжлийн багт бүртгүүлсээр байна.
Монголын 19 дугуйчнаас ОУХМ С.Жамбалжамц Малайзын “Terengganu”, Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ нар Японы “Levante fuji shizuoka”-д, Б.Мягмарсүрэн, Э.Билгүүнжаргал, Б.Тэгшбаяр, Б.Амартүвшин, Б.Идэрболд, Э.Мөнхтулга, Б.Наранхүү, Д.Эрхэс нар Монголын дугуйн анхны мэргэжлийн “Ferei Mongolia development team” багт бүртгүүлжээ. Тэд улирлын эхний тэмцээн буюу АНЭУ-д ирэх сард зохион байгуулах “Tour of sharjah” олон өдрийн уралдаанд оролцоно. Үүний дараа Туркийн “Tour of langkawi” цуврал, Тажикистаны Душанбе хотод ирэх гуравдугаар сарын 25-29-нд болох Азийн АШТ-д өрсөлдөх юм.