Улстөрчид Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө ухарч эхэллээ. Чингис хаан “Их шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул” гэж захиж үлдээсэн. Харин энэ үгийг өнөө үеийн монголчууд дагаж чадах, эсэх нь тун удахгүй харагдана. Энэ ухралтыг таслан зогсоох сүүлчийн цайз нь Үндсэн хуулийн цэц болж байна. Чингис хааны үлдээсэн эрх мэдлийг хязгаарлах зарчмыг хэрэгжүүлэх, эсэх нь Цэцээс хамаарна. Үндсэн хуулийн цэцийн өмнө түүхэн сорилт иржээ.
Уг нь монголчууд Чингис хааны баримталж ирсэн эрх мэдлийн зарчим, аргыг дагаж мөрдөөд явах юм бол манай засаг төрийн ажил жигдэрчих гээд байдаг. Даанч өнөөдөр зарим нэг хүн их шунал, хүслээ дийлж чадахгүй байна.
“Давхар дээл”-ээс болж Монголын улс төрд хямрал, гажуудал үүсэж, тэр нь ямар ноцтой түвшинд очиж байсан болохыг харуулах ойрхны жишээ гэвэл өмнөх парламентын түүх. Үүнийг эргэн санах хэрэгтэй. Тэр үед Монголын парламентын түүхэнд УИХ нь Засгийн газраасаа болоод хурлаа хийж чадахгүй, харамсалтай үйл явдал өрнөж байлаа. Бид ой санамж их муутайгаас гадна эрх мэдлийн их шунал, хүслээ дийлэхгүй улс юм.
Тухайн үеийн “давхар дээл”-тэй гишүүдийн хийж байсан үйлдэл нь Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, “давхар дээл”-тэй Засгийн газраас татгалзах эхлэл болсон. 2000 онд Үндсэн хуульд дордохын долоон өөрчлөлт оруулж, “давхар дээл”-тэй Засгийн газар байгуулах замыг нээсэн, түүнээс хойш олон жилийн турш Монголд парламентын хяналт гэж байхгүй болж, парламент, Засгийн газар хоёр нь нэг хөнжилд орсон билээ. Энэ гажуудал явсаар хямралынхаа оргил цэгт ирсэн.
Эцэстээ Монголд парламент гэж байхгүй болж, парламeнт нь Засгийн газрынхаа “дагуул” болсон юм. УИХ ч “давхар дээл”-тэй Засгийн газар байгуулсныхаа горыг хатуу амссан. “Давхар дээл”-ийн үр дагавар нь улс төрийн нам, сонгуулиас эхэлдэг, тэрбум тэрбум төгрөгөөр сүлжээ үүсгэн, төрийн албыг худалдан арилжиж, улс төрийн сонгуульд орно, дараа нь “давхар дээл”-тэй Засгийн газар байгуулж, Засгийн газар нь УИХ-аа “хяналтдаа” авч, эцэстээ Засгийн газар нь УИХ-ын гишүүдэд жижиг, дунд үйлдвэрийн зээл хувааж өгч байлаа. “Давхар дээл” ийм л үр дагавар үүсгэж байв. Үүнийг л зарим хүн дахин хүсэж буй бололтой. Энэ бол эрх мэдлийн хямрал, гажуудлын тойрог зам. Одоо эргээд “эрх мэдлийн хямралын тойрог”-тоо буцаж орохыг хүсэх болжээ. Энэ бол хувийн ашиг хонжооны төлөө нийтийн эрх ашгийг “золигт” гаргаж буй хэрэг.
Саяхан Үндсэн хуулийн цэцийн дарга асан, Гавьяат хуульч Н.Жанцан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, үүнийг тойрсон маргааны талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд миний хувьд сэтгэл хангалуун байгаа. Улс төр, нийгмийн амьдралын хэд хэдэн тулгамдсан асуудалд шинэ шийдэл олсон гэж үзэж болно. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийг хамгаалдаг байгууллага болохоос биш, Үндсэн хуулийг хянадаг байгууллага биш. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдмагцаа Үндсэн хууль болно. Тийм учраас Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгох дүгнэлт гаргана гэж би огтхон ч бодохгүй байна. Энэ бол Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхэд үл хамаарах асуудал” гэжээ.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн энэ асуудлаар хувийн байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэрбээр “Парламентын тогтолцоотой улсад Засгийн газрын гишүүн заавал УИХ-ын гишүүн байдаг. Гэтэл УИХ-ын дөрвөөс дээш гишүүн “давхар дээл”-тэй байж болохгүй гээд хуульчилчихсан. Яагаад ийм заалт оруулсан бэ гэвэл нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн тоотой холбоотой. УИХ-ын 76 гишүүний 15 нь Засгийн газрын гишүүн болчихоор УИХ дахь Засгийн газрын нөлөөлөл ихсээд парламентынх буурч, Засгийн газар үндсэндээ парламентаа удирдаж байна гэдэг шүүмжлэл өрнөсөн учраас дөрвөн гишүүн байхаар заасан. Тиймээс УИХ-ын гишүүдийн тооны асуудлыг хөндөхөөс аргагүй. Гишүүдийн тоог нэмэгдүүлбэл нэмэгдүүлчихмээр байгаа юм” гэж ярилцлага өгчээ. Өнөөгийн эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байгаа нь тодорхой харагдана.
Харин сөрөг хүчний зүгээс байр сууриа хүчтэй илэрхийлдэг, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ер нь мэргэжлийн сайд нь салбараа удирдана гэдэг бол урт хугацаандаа үр өгөөжтэй. Учир нь мэргэжлийн хүний ур чадвар, салбарын онцлогоо мэддэг, ойлгодог, мэргэшсэн байдал нь асуудлын шийдэл олох, шийдвэр гаргахад үр нөлөөтэй. Үнэндээ гаднаас томилогдсон сайд олонх болсон УИХ-ын амбицтай гишүүдийн дунд орж ирээд чадваргүй мэт харагдах, асуудлаа танилцуулж, шийдүүлж чадахгүй байх тохиолдол байгааг үгүйсгэхгүй. Үүнээс гадна нь УИХ-ын гишүүд сайд нарын асуудлыг санаатайгаар унагаадаг, тэднийг ур чадваргүй, муухай харагдуулах зүйл маш их хийж байгаа. Үүний цаад зорилго нь өөрсдөө “давхар дээл”-тэй болж, УИХ-ын гишүүн, сайдын албан тушаал хаших хүсэлтэй нь холбоотой. Тийм учраас тэд юу хүсэж байна гэхээр УИХ-ын гишүүн байгаа дээрээ “сайдын суудал”-д суухыг бодож байна. МАН-ын гишүүдийн энэ хүсэл, шуналыг биелүүлэхийн тулд манай намын гишүүд Үндсэн хуулийн цэцэд “давхар дээл”-ийн асуудлаар хандсан нь улс төрийн хувьд хамгийн гутамшигтай зүйл” гэж цаад учир шалтгааныг нь тодорхой хэлээд байгаа юм.
Ер нь УИХ-ын гишүүдийн тоог сонгодог парламентын жишигт ойртуулах, УИХ-ын гишүүдээс Засгийн газрыг бүрдүүлэх бол улс төрийн бодлогын асуудал, үүнийг шийдэх гарц бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болохоос Үндсэн хуулийн цэц биш. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол Үндсэн хууль. Үндсэн хуулийг өөрийг нь хянах эрх мэдэл Цэцэд байхгүй. Цэц бол улс төрийн эрх мэдлийг тодорхойлохгүй, үүнийг УИХ тодорхойлно.
Нөгөө талаас эрх баригчид удахгүй хийхээр төлөвлөж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд Цэц “хутгалдах” ёсгүй юм. Үндсэн хуулийн цэц хууль тогтоогч биш. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц “давхар дээл”-тэй холбоотой, энэ улс төрийн “тоглоом”-д оролцох шаардлага үнэндээ байхгүй.
Хуульч Д.Оросоо