УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооныхон өнгөрсөн намрын чуулганаар хийсэн ажлаа тайлагнав. Тус хороо нь намрын ээлжит чуулганы үеэр зарим байнгын хороотой хамтран найман удаа хуралдан, хуулийн таван төсөл батлуулжээ. Үүнд Нийтийн мэдээллийн ил тод байдал, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай, Цахим гарын үсгийн тухай болон Хувийн мэдээлэл хамгаалах, Кибер аюулгүй байдлын тухай хууль багтсан аж. Уг хуулиудыг батлуулснаар иргэдийн мэдээлэл авах эрх баталгаажин, 68 төрлийн мэдээлэл олон нийтэд ил болсон байна. Тухайлбал, төрийн байгууллагууд дахь орон тоо, ажлын байрны танилцуулга, тендерт шалгарсан болон шалгараагүй байгууллагуудын талаарх мэдээлэл нээлттэй болжээ. Төрийн сангаас олгох зээл, зээлийн шалгуур, шалгуур хангасан хүмүүсийн талаар ч ил тод зарлах нөхцөл бүрдсэн аж. Түүнчлэн иргэдийн хувийн мэдээллийг хуулиар хамгаалах, эзнээс нь зөвшөөрөл авах эрх зүйн зохицуулалтыг тусган, мэдээлэл цуглуулагч, боловсруулагч тал хариуцлага хүлээхээр зохицуулсан байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу иргэд, аж ахуйн нэгжүүд цахим хөрөнгийн арилжаа хийхийг хориглон, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авахаар журамласан нь чухал ажил болсон гэнэ. Мөн УИХ-д Цахим бодлогын түр хороо байгуулан ажилласан бөгөөд Харилцаа холбооны болон Шуудангийн хуулийн хэрэгжилтийг хангуулах, салбар бүрт хэрэгжүүлж буй программ хангамжийн төсөл, хөтөлбөрийг хянахад анхаарч, шаардлагатай зөвлөмж өгч, үйлчилгээ үзүүлсэн гэлээ. Цаашид тус байнгын хорооныхон батлуулсан хуулийнхаа хэрэгжилтийг хангуулахад онцгой анхаарч, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний цахим эрх зүйн орчныг сайжруулахад хамтран ажиллахаа УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал мэдээлэв.
Бэлтгэсэн С.Цэрэн