Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийв. Энэ үеэр М.Энхсайхан, Э.Бат-Үүл нарт ял оноосонд намын зүгээс тайван хандан, хуулийн байгууллагынхны дүгнэлтийг хүлээн өдий хүрснийг дурдлаа. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа ял шийтгэл ногдуулсан, хуулиар өөрсдөдөө давуу байдал үүсгэдэг гэдгийг онцолсон юм. Мөн Э.Бат-Үүлийн хэргийг хамаарах хүмүүст албан тоот хүргүүлснээ Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдэгдэв. Түүнчлэн сүүлийн хоёр жилд коронавирусийн тархалтыг хумих нэрийдлээр эрх баригчид дарангуйлал тогтоон, иргэдийн баялаг бүтээх, бизнес эрхлэх, сурч боловсрох эрхийг зөрчсөн төдийгүй төсвийн мөнгийг үргүй зарцуулсан хэвээр байна гэлээ. Үүнээс гадна цар тахлын эсрэг эмчилгээг оновчтой хийхгүй, хүн бүрт антибиотик өгч буй нь буруу гэдгийг Эрүүл мэндийн сайд дэд асан Ж.Амарсанаа тэмдэглэв. Эдгээр асуудлаас гадна агаарын чанар муудсан, сайжруулсан түлшний технологи алдагдсан, иргэдийн жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчиж буй цөөнгүй үйлдэлд Ерөнхий сайд хариуцлага хүлээн, огцрох шаардлагаа хангасныг Ардчилсан намынхан онцолсон юм.
Бэлтгэсэн Б.Уран