Нийгмийн бодлогын байнгын хорооныхон 2021 оны намрын чуулганы үеэр хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг мөн танилцууллаа. Тэд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан баталж, хэрэгжүүлж эхлүүлснийг ач холбогдол өгөхүйц, чухал ажил болсон хэмээн үнэлэв. Уг хуулийг хэрэгжүүлснээр уул уурхайн салбарт ажиллагсдыг 14 хоног ажиллах, 14 хоног амрахаар зохицуулсан. Ингэснээр ажлын байрны орчинд үүсэх аливаа эрсдэлээс сэргийлэн, ажилчдын хөдөлмөрийг зохистой үнэлүүлэх боломж бүрджээ. Түүнчлэн хөдөлмөрийн харилцаанд оролцогч, албан бус хөдөлмөр эрхлэгч хүн бүрийн эрхийг хамгаалан, ажил олгогч, ажилтан, үйлдвэрчний эвлэл хоорондын харилцан уялдааг сайжруулахад Хөдөлмөрийн хууль чухал үүрэг гүйцэтгэхийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дурдав. Мөн ирэх долдугаар сараас хэрэгжүүлэх Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн хүрээнд боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, инновац, технологийн салбарт гадаадаас ажиллах хүч авч ажиллуулах компани, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх, татвар хураамжаас чөлөөлөхийг Хөдөлмөрийн тухай хуульд тусгажээ. Үүнээс гадна дээрх хорооноос Удмын санг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих тогтоолыг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан нь цус ойртсон, эсэхийг оношлох генетикийн лабораторитой болоход дэмжлэг болж, удамшлын олон төрлийн өвчин үүсэх магадлалыг бууруулахад анхаарахад томоохон дэвшил болох гэнэ.
Бэлтгэсэн С.Цэрэн