АНУ дахь монголчуудын гольфын холбоо, Монголын гольфын холбоотой хамтран долоо дахь удаагийн нээлттэй тэмцээнийг Калифорни мужийн Темекула хотод зохион байгуулав. Тэмцээнд 55 тоглогч өрсөлдсөний 11 нь Монголоос оролцжээ. Тус тэмцээнийг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, Монголын гольфын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан болон гишүүд нь дэмжсэн байна. Эрэгтэйчүүдийн ангилалд нийлбэр дүнгээр улсын хошой аварга Л.Дондовцэвээн 223 оноогоор түрүүллээ. Удаах байрт хошой аварга О.Оюунболд (236 оноо) шалгарсан. Эмэгтэйчүүдийн ангилалд оролцсон 11 тоглогчоос улсын хошой аварга Н.Намуунаа (242 оноо) түрүүлж, Д.Тунгалаг (Чикаго хот, 273 оноо) шил дарав. НС ангилалд М.Наранбаатар (Вашингтон) тэргүүлж, П.Наранбаяр удаалжээ. Холын цохилтоор 17 настай М.Буян-Эрдэнэ (Монголын гольфын холбоо), нүхэнд ойр цохилтоор И.Батцогт (Чикаго), шулуун цохилтоор Н.Тунгалаг (Денвер) нар I байр эзлэв. Хос багийн тоглолтод С.Мягмарсүрэн (Денвер), Б.Эрдэнэбаатар (Чикаго) тэргүүлсэн бол холын паттаар Элчин сайд Ө.Батбаяр түрүүллээ.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин