Олон улсын Цанын холбооноос олимпын эрх олгох тэмцээний дүнг өчигдөр нэгтгэн гаргаж, тамирчдын чансааг тогтоолоо.
Энэхүү чансаагаар гүйлтийн цанын төрөлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин БНХАУ-д болох өвлийн олимпын наадамд оролцох боломжтой болж байгаа аж.
Тодруулбал Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар олимпын эрх олгох тэмцээнд амжилттай оролцож, олимпын эрх авсан байна.
Баг тамирчид Швейцарь улсад бэлтгэл сургуулилтаа хангаж буй бөгөөд энэ сарын сүүлчээр тэмцээн зохион байгуулагдах дөхөхөөр БНХАУ-ыг зорих гэнэ.
Ташрамд дурьдахад, Б.Ачбадрахын хувьд дөрвөн жилийн өмнө Пёнчаны өвлийн олимпод мөн эрхээ аван өрсөлдөж байв.
Тэшүүр, биатлоны тухайд олон улсын холбооноос нь олимпын эрхийн дахин хуваарилалт хийсний дараа нэгдүгээр сарын 21-нд нэмэлтээр эрх авсан тамирчдыг албан ёсоор зарлах юм. Тус хоёр төрөлд өрсөлдсөн манай тамирчид одоогоор нөөц тамирчны жагсаалтад бүртгэгдээд байна.