Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн, Д.Жавзандорж, Н.Онон нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Ерөнхийлөгчөөс тэднийг түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр ажиллах гишүүнд нэр дэвшүүлсэн юм. Тэднийг томилсноор тус зөвлөлийн гишүүн Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ нарын бүрэн эрхийн хугацаа нь дууслаа.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Ж.Мөнхбат нэр дэвшигчдийг соёл урлаг, түүх уламжлалын талаар хүлээн зөвшөөрөгдсөн хэмээн тодотгосон бол гишүүн Д.Ганбат “Ерөнхийлөгч зөв хүмүүсийг санал болгож байна. Украинд гэхэд л хошин шогийн жүжигчин Ерөнхийлөгчөөр сонгогдсон шүү дээ. Хар тамхи хэрэглэсэн жүжигчин, дуучин, улстөрчдийг МҮОНРТ-ээр гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй” гэж байлаа. Нэр дэвшигч Н.Онон “Хар тамхитай тэмцэх ажлын хүрээнд тодорхой арга хэмжээ авч, нэвтрүүлэг хийх зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ хар тамхи хэрэглэсэн уран бүтээлчдийг телевизээр гаргахгүй байх тухайд үнэндээ хариулж мэдэхгүй байна. Үүнийг судлах хэрэгтэй байх” гэж хариулав. Түүнчлэн гишүүн Ж.Ганбаатар “МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн цагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн нэвтрүүлгийн эзлэх хувийг ядаж 5-10 хувь байлгавал ямар вэ. Сүүлийн үед амар хялбар аргаар сайхан амьдарч болох мэт ойлголт төрүүлэх контент их гарах боллоо. Ажил хийх залуучууд олдохгүй байна шүү дээ” гэхэд нэр дэвшигч Н.Онон санал нэг байгаагаа илэрхийллээ. Үүнээс гадна гишүүн Ё.Баатарбилэг хүүхэд, багачуудыг соён гэгээрүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар асуухад нэр дэвшигч Н.Онон “Хүүхэд, багачууд болон өсвөр үеийнхний сонирхол асар хурдан өөрчлөгдөж байна. Хуучны аргаар контент хийвэл тэд сонирхохгүй, хүчээр үзүүлэлтэй биш. Тэдний сонирхлыг татахуйц, сэтгэхүйд нь зориулсан контент хийх нь зөв. Соёл, урлагаар дамжуулан залуу үеийг эх оронч болгох тал дээр түлхүү анхаарна” хэмээв. Харин нэр дэвшигч Д.Жавзандорж “Залуу, хойч үеэ ирээдүйн Монгол орныг, гэр бүлээ авч явах хүмүүс болгон төлөвшүүлэхийн тулд бид бүгд тал талаасаа хамтарч, олон зүйл хийх ёстой. Хүүхэд, залууст ёс суртахуун, хэрхэн зөв хүн болж төлөвших тухай контент гаргах хэрэгтэй байна. Уурлаж болохгүй гэдгийг мэддэг мөртлөө уурлачихдаг. Тэгвэл яавал уурлахгүй, тэвчих вэ гэдэг арга зүй талаас нь хялбарчилж гаргах нь үр дүнтэй. Үүнд хувь нэмрээ оруулна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
МҮОНРТ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСОНО
Түүнчлэн энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон МҮОНРТ-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсоно. Тэднийг томилох үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Н.Энхболд “Үндэсний зөвлөлтэй холбоотой маш их гомдол, шүүмжлэлийг ярьж байна. Хуулиар тогтоосон үүргээ биелүүлж чадахгүй байна гэх шүүмжлэл их гарч байна. Дотроо хагаралдаад, сүүлийн 4-5 сар хуралдаж чадахгүй байгаа юм билээ. Төсвөө ч батлаагүй. Гишүүд нь цуглахаараа даргаа солихоос өөр зүйл ярихаа больсон. Бүрэлдэхүүнээр нь авч хэлэлцэж, шаардлагатай бол хуульд нь нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэгт гишүүд санал нэгдсэн. Шаардлагатай бол энэ асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ” гэсэн юм.
Мөн энэ өдөр УИХ дахь АН-ын зарим гишүүн “УИХ-ын дарга хууль биелүүлэх үүрэгтэй”, “Ардчиллаа хамгаалъя” гэх мэт шаардлагыг томоор бичиж, ширээн дээрээ тавьсан байв. Гишүүн О.Цогтгэрэл “УИХ дахь АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломж хангагдахгүй гурван сар боллоо. УИХ-ын даргад өнгөрсөн аравдугаар сарын 19-нд АН-ын олонх гишүүн шийдвэрээ уламжилсан. Гэтэл одоо хүртэл УИХ-ын даргын зүгээс ажиллах боломж бололцоог хангаж өгөөгүй. Шинээр сонгогдсон бүлгийн даргын суух өрөө, ажиллах боломжоор хангаж өгөхгүйгээс болоод УИХ дахь АН-ын бүлэг ажлаа хийхэд хэцүү байна. Та хуулиа биелүүлж ажиллаарай. Та янз бүрийн тайлбар хэлээд байдаг шүү” хэмээн шаардлага тавьсан. Хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ дахь АН-ын бүлгийнхэн төрийн үйл ажиллагааг хэвийн явуулна шүү. Нам доторх албан тушаалын хэрүүл, маргаанаа дотроо эцэслэн шийд. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах хэрэггүй. УИХ хууль тогтоох, гадаад, дотоод бодлогын үндсийг тодорхойлох, хэрэгжилтийг хянан шалгах үүрэгтэй. Тамгын газраас дүгнэлт гаргасан байна. АН-ын бүлэг 11 гишүүнтэй. УИХ-ын тухай хуулийн дагуу АН-ын бүлэг байгуулагдсаныг УИХ-ын дарга мэдээлэх үүрэгтэй. Үүний дагуу би бүлэг байгуулагдсаныг нэгдсэн хуралдааны индэр дээрээс уншиж танилцуулсан. Хуульд үүнээс өөр зохицуулалт байхгүй. Хоорондоо зөрчилтэй албан бичгүүдийг та бүхнээс удаа дараа ирүүлж, ойлгомжгүй байдал үүсгэж байна. АН-ынхан дотоод дүрэм, журам, соёлоо баримтлан үүссэн асуудлыг шийдвэрлэх, эсвэл шүүхээр эцэслэсний дараа ханд. УИХ-ын дарга, Тамгын газрынхан та бүхний сандал ширээ, өрөө тасалгааг өөрчлөөд байвал энэ ардчилал чинь юу болох билээ. Цөөнх дотроо цөөнхөө ч хүндэтгэх ёстой. Та нарыг чадахаараа л дэмжиж, зөвлөгөө өгч байна. Болохгүй бол та хэдийг нэг өрөөнд цоожилдог ч юм бил үү” гэв. Мөн гишүүн Д.Ганбат “Манай намын гишүүдийн зарим нь АН-ыг төлөөлж байгаа мэтээр удаа дараа ярьцгааж байна. АН дүрэм, журамтай. Залуучууд том байж болно. Гэхдээ хууль, дүрмээ биелүүлж ажиллах ёстой. Та нар янз бүрийн аргаар мөнгө олсон байж болно. Тэр мөнгөөрөө АН-ын бүлэг, цаашлаад УИХ-ыг хоёр хуваах гэсний хэрэггүй” хэмээлээ.
МОНГОЛ ХҮНИЙ УДМЫН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ТОГТООЛ БАТЛАВ
Энэ өдөр Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Д.Сарангэрэл тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гарах зардал, хүн судлалын салбарын өнөөгийн байдлын талаар тодруулахад, гишүүн, уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн “Төсөв, тооцоотой холбоотой заалт оруулахаас зайлсхийсэн. 2022 оны төсөв батлагдсан учраас Засгийн газар төсөвтөө оруулах талаар тусгалаа. Хоёр том ажил бий. Нэгдүгээрт, олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Төслийг санаачлагч зургаагаас дээш хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг төр даах заалт оруулж ирснийг илүү боловсронгуй болгож, хуульчлахаар үлдээсэн. Тодруулбал, хүүхдийн тооноос хамаарч гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх талаар холбогдох хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр зааж өгсөн. Ингэснээр гарах зардлыг төсөвт суулган, улмаар хуульчилж оруулж өгөх нь зүйтэй. Хоёрдугаарт, манай хүн судлалын хөгжил ухарсан, хариуцсан нэгж байхгүй, салбар нь орхигдсон. Тиймээс монгол хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх, удмын сангийнх нь аюулгүй байдлыг хадгалан, хамгаалах чиглэлээр үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тогтоолын төсөлд тусгасан” гэв. Мөн гишүүн Д.Тогтохсүрэн “Цус ойртолтын аюултай түвшинд очсон хэдэн сум байгаа вэ. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авахаар тогтоолын төсөлд тусгасан бэ. Бид ургийн бичиг хөтлөлтөөр энэ асуудлыг шийдэж чадахгүй. Үүнээс сэргийлж, монгол хүний удмын санг цэвэр ариун байлгая гэж бодож байгаа бол захиргааны тодорхой арга хэмжээ байх ёстой. Энэ талаар мэргэжлийн хүмүүс ямар бодолтой байна вэ” гэхэд ажлын хэсгийн гишүүн, ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн газрын дарга, анагаах ухааны доктор Э.Энхмаа “Эрдэмтэд 40 гаруй жилийн судалгааны үр дүнд популяцын генетикийн тооцооллын аргаар хүн амын цус ойртолтын түвшнийг тооцоолж гаргасан. Цус ойртолтыг илэрхийлсэн F коэффицент тэгтэй тэнцүү байвал цус ойртолт байхгүй гэсэн үг. Тэгээс нэг рүү тэмүүлж эхэлбэл цус ойртолтын түвшин нэмэгдэж буйг илэрхийлдэг. 21 аймгийн уугуул хүн амд цус ойртолтын түвшнийг тодорхойлоход F коэффицент тэгтэй тэнцэж буй аймаг байхгүй. Тооны хувьд хоорондоо ялгаа бий. Гэхдээ өнөөдөр тэр аймаг хэцүү, энэ аймаг арай гайгүй гэж гэж хэлэх аргагүй түвшинд хүрчихээд байгаа. Үндэсний эв нэгдлээ бодолцох үүднээс тэр аймаг өндөр түвшинд байгаа гэх мэтээр зарладаггүй. Угийн бичиг хөтлүүлэх, овог хэрэглэх, хүн амын хөдөлгөөнийг тэтгэх гэсэн гурван арга хэмжээг хүн амынхаа удмын сангийн аюулгүй байдлыг хангах, цус ойртолтоос сэргийлэхэд хэрэглэдэг. Эдгээрийг сэргээн хэрэгжүүлэх талаар тогтоолд тусгасан” хэмээн хариулав. Түүнчлэн ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн ургийн бичиг хөтлөхөөс гадна захиргааны арга хэмжээ авах туршлага гадаадын олон оронд байдгийг дурдав. Тухайлбал, хүн амын удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл болж буй цус ойртолтыг гэмт хэрэг гэж үзэн, Эрүүгийн хуульд тусгайлан заах, эсвэл Иргэний болон Гэр бүлийн тухай хуулиар удам доторх гэрлэлтийг хууль бус гэж үзэн хориглох, эсвэл бие даасан хууль батлан хэрэгжүүлдэг гэнэ. Тэрбээр Монгол Улсад ч цус ойртолттой холбоотой гэрлэлтүүдийг захиргааны аргаар хориглох заалтууд зайлшгүй хэрэгтэй байгааг хэлсэн юм.
Элчин сайд Ө.Батбаяр Цагаан ордны ҮАБЗ-ийн Зүүн Азийн асуудал хариуцсан тэргүүн захирал Эдгар Кэйгантай танилцах уулзалт хийж, Монгол, Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2022 онд тохиож буй дипломат харилцааны 35 жилийн ойг хамтран тэмдэглэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.