Энэ өдөр “Монгол Улсын Үндсэн хууль-30 жил” үзэсгэлэнг Монголын үндэсний музейд нээсэн. Үзэсгэлэнд 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулийг анх удаа нэг дор байрлуулж, олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Мөн БНМАУ, Монгол Улсын Төрийн сүлд, далбаа болон үе үеийн Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлахтай холбоотой гарсан зарлиг, тогтоол, шийдвэр, хэлсэн үг, ухуулах, зааварлан сургах бичиг зэргийг архивын эх баримтаар нь дэлгэжээ. Түүнчлэн Үндсэн хуулийн төслийн хувилбарууд, иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, Улсын бага хурал, Ардын их хурлын чуулганы тэмдэглэл зэрэг эд өлгийн зүйлсийг нийтийн хүртээл болгож байна. Үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл Монголын үндэсний музейн нэгдүгээр давхрын танхимд байрлах бөгөөд үнэ төлбөргүй үзэж, сонирхох боломжтой аж.
Бэлтгэсэн Б.Уран