Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан УИХ хүндэтгэлийн хуралдаан зохион байгууллаа. Хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцов. Мөн Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутатууд, Улсын бага хурлын гишүүд, Үндсэн хууль боловсруулах комисс болон ажлын хэсгийн гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга болон гишүүд, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын ерөнхиий прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын манай улс дахь суурин төлөөлөгчид уригдан, цахимаар оролцсон юм.
Үндсэн хуулийн уг эхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танхимд залсан бөгөөд УИХ-ын гишүүд суудлаасаа босож хүндэтгэл үзүүллээ. Төрийн ёслолын журамд зааснаар Үндсэн хуулийн уг эхийг тэгш ойгоор буюу таван жил тутамд залж, олон нийтэд сонирхуулах ёстой. Ташрамд дурдахад, ойн арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулийн уг эхийн албан ёсны хуулбарыг өчигдөр Үндэсний музейд нээгдсэн “Үндсэн хууль-30” үзэсгэлэнд олон нийтэд үзүүлж сонирхуулахаар тавьжээ.
Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр “30 жилийн өмнө Монгол Улсын зорин тэмүүлэх шинэ замын эхлэлийг тавьж, ирээдүйн гэрэлт бамбарыг асаасан ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталсан Үндсэн хууль тогтоогчид, АИХ-ын 430 депутат, УБХ-ын болон Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын гишүүд, тэдний ар талд техник, зохион байгуулалт, арга зүйн туслалцаа үзүүлж ажилласан хүмүүс бол жинхэнэ ёсоор түүх бүтээгчид юм” хэмээн онцолсон. Мөн “Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь ард түмний засаглах эрхийг ханган, парламентат ёсоо бататган бэхжүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлт, байгалийн баялгийг ашиглахад баримтлах зарчмыг тодорхойлж, УИХ-ын хариуцлага, хяналтыг сайжруулах, улс төрийн нам, түүний санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, шүүх эрх мэдлийн хараат бус, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн. Өдгөө нэмэлт, өөрчлөлтийг ажил хэрэг болгох эрх зүйн хувьсгалын үйл явц өрнөж байна. УИХ Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн, УИХ-ын хяналт шалгалтын, УИХ-ын, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын, Төрийн аудитын болон Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулга, тэдгээрийг дагалдсан холбогдох хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталж, мөрдүүлж эхлээд байна. Үндсэн хууль хэрэгжсэн 30 жилийн замналаас үзэхэд, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх үндэс суурь болсон хууль хоорондын уялдаа холбоо бүрэн төгс биш, үүнээс үүдэн хяналт-тэнцлийн механизм бүрэн төгс болсонгүй. Саяхан баталсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль энэ асуудлыг шийдэх нэг чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна. Нөгөө талаас нь хийх бас нэг чухал алхам нь Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гүйцэтгэх засаглалын хариуцлагын тогтолцоог нарийвчлан тусгах явдал юм. Хуулийг батлаад орхихгүй, хэрэгжилтэд нь мониторинг хийж, үзэл баримтлалынхаа дагуу хэрэгжиж байгаа, эсэхэд эргэх хандлагаар иргэд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэлтэй хамтран хянах, нийтийн сонсгол хийх энэ шинэ тогтолцоо парламентын хөгжлийн дараагийн үе шатыг эхлүүлнэ. Үндсэн хуулийн үзэл баримтлалыг гажуудалгүй хэрэгжүүлэхийн тулд улс төрийн намуудын үүрэг, оролцоог дээшлүүлж, хүлээх хариуцлагыг сайжруулах нь тулгамдсан асуудал мөн. Холбогдох хуулийг батлан мөрдүүлснээр манай нийгмийн улс төрийн тогтолцооны цөм болсон намуудын үйл ажиллагаа шинэчлэгдэж, иргэд, олон нийтийн бухимдлыг төрүүлж буй олон сөрөг үзэгдэл, гажуудал арилж, улс төрийн намууд жинхэнэ ёсоор төлөвшин хөгжихөд чухал түлхэц болно. Монголын ард түмний Үндсэн хуулиараа тунхаглаж, эргэлт буцалтгүй сонгосон парламентын ардчилсан засаглал, төрийн эрх мэдлийн хуваарилалт, харилцан хяналт-тэнцэл цаашид баттай хадгалагдах нь бидний сонгосон замын найдвартай хөтөч мөн гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.
Бэлтгэсэн Б.Уран