“Steppe arena” мөсөн өргөөнд үргэлжилж буй “Нэгдсэн УАШТ 2022” тэмцээнд Монголын байт харвааны 10 клубийн 102 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүд, холимог, багийн гэсэн дөрвөн төрөлд өрсөлдлөө. Тэмцээний ангилал тус бүрт амжилттай оролцсон харваачдаас нэгийг нь “Өсөх ирээдүйтэй авьяаслаг тамирчин”-аар шалгаруулж урамшуулсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татав.
Тэмцээний хамгийн залуу тамирчин долоон настай хүүхдүүд байлаа. Бага насныхны ангилалд Баянхонгор аймгийн М.Уудамжаргал, өсвөр үеийнхнээс Ховд аймгийн Б.Энхжин, залуучуудынхад “Хангарьд” клубийн тамирчин У.Чулуунбаатар нар шилдгээр шалгарсан юм. М.Уудамжаргалыг БНСУ-ын WNS брэндийн “Explore DX” маркийн нумын эрхийн бичиг, Б.Энхжин, У.Чулуунбаатар нарыг АНУ-ын “Easton” брэндийн “Carbon one” сумын иж бүрдэл багцын эрхийн бичгээр тус тус шагнажээ. Энэ удаа “Галт сум” клубийн Н.Хатанзориг дөрөв, “Хангарьд”-ын М.Гэгээн гурван алтан медаль хүртэв. Шилдэг клубээр “Хангарьд” 48 оноогоор шалгарлаа.
Ташрамд дуулгахад, Монголын байт харвааны холбоо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран энэ жил долоон цуврал сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ сарын 20-нд 11.00 цагаас эхлэх эхний сургалтад хот болон орон нутаг дахь спорт хороо, клубүүдийн тамирчин, багш дасгалжуулагч нарыг идэвхтэй оролцуулж, сертификат олгох нь.