УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчөөс санал болгож тус зөвлөлийн гишүүнээр томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлснийг гишүүдийн олонх дэмжсэн юм. Д.Жавзандорж багш мэргэжилтэй бөгөөд түүх, уламжлал, ёс заншлын, Н.Онон жүжигчин, эрхзүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбараа төлөөлөн нэр дэвшсэн байна. Гишүүдийн зүгээс олон нийтийн телевизийн бодлогыг хэрхэн хардаг болон олон нийтийг хэрхэн төлөөлж ажиллах, томилогдвол хариуцлагатай хандахыг хэлж, анхааруулж байлаа. Тухайлбал, гишүүн Ж.Ганбаатар телевиз өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болох талаас нь харж, хөдөлмөр, бизнес хийх санаа, сэдэлтэй байх тухай хөндсөн бол гишүүн Д.Тогтохсүрэн залуу үед эрүүл мэнд, хүмүүнлэгийн боловсрол олгоход контентын бодлогоо чиглүүлэх талаар дурдсан. Гишүүн М.Оюунчимэг, Ж.Мөнхбат нар Үндэсний зөвлөлийн гишүүд ажилдаа хариуцлагагүй хандаж, хурлаа цаг тухайд нь хийдэггүйгээс олон асуудлыг шийдвэрлэж чадахгүй гацаж, уран бүтээлчид нь хохирч буй талаар шүүмжлэв. Ажил үүргээ хэвийн гүйцэтгэх чадамжгүй тохиолдолд Үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь татан буулгах зохицуулалттай болох нэмэлт, өөрчлөлтийг зохих хуульд оруулах талаар гишүүн Н.Энхболд хэлэв.
Дараа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн дэмжлээ. Уг төслийг Засгийн газраас өргөн барьсан. Төслийн талаар танилцуулсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж “Хуулийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох судалгааг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа 586 хуулийг шинжилж хийсэн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай нийцүүлэх шаардлагатай 126 хууль байгааг тодорхойлж, эдгээр хуульд 527 зөрчил, 173 хийдэл бийг тогтоосон. Тиймээс нэмэлт оруулах тухай хуулийн төсөл гурав, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 28, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 95-ыг боловсруулсан байна.
Үргэлжлүүлэн Журам батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн. Үүнд дараах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ. Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журмын төсөлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, эсэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн нэгжийн иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах, дүнг мэдээлэхтэй холбоотой болон бусад асуудлын талаар заасан байна. Мөн ИТХ-ын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төсөлд эгүүлэн татах үндэслэл, энэ талаарх санал гаргах зэрэгтэй холбоотой асуудлыг тусгажээ.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганаар нэгдүгээр сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглаврыг батлав.
Бэлтгэсэн Б.Уран