Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаадаас ирж байгаа иргэдийг гурав хоногт тусгаарладаг журмыг цуцлах чиглэлийг Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайханд өгсөн. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан "Гадаадаас ирж байгаа иргэдийг арванхоёрдугаар сарын 25-наас эхэлж гурав хоног тусгаарлаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үед халдварын тархалт өндөр, омикрон хувилбар тархаагүй, дэгдээгүй байхад урьдчилан сэргийлэх арга хэмжээ байв. Энэ нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн гэж бодож байна. Цөөнгүй тохиолдол илэрсэн. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарынхан тодорхой арга хэмжээ авч ажилласан. Цаашдаа гурав хоног тусгаарлахгүй. Гэхдээ гурван тунд хамрагдсан байх ёстой, гэртээ өөрсдийгөө гурав хоног тусгаарлаж, хаана хаанаа хариуцлагатай байх ёстой гэж энэхүү шийдвэрийг засгийн газарт танилцуулсан. Тиймээс Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргасан гэж ойлгож болно. Мөн одоо тусгаарлагдаж байгаа иргэд тусгаарлалтынхаа хугацааг заавал дуусгаж байж гарна" гэж хэлэв.