Өчигдөр буюу даваа гарагт аюулгүй байдлын батаалгааны асуудлаар ОХУ болон АНУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын хэлэлцээ Женев хотноо болов.
Хэлэлцээ хаалттай болсон бөгөөд найман цаг үргэлжилсэн байна. Уулзалтын дараа мэдэгдэл хийж, хэлэлцээ үргэлжилнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын гол сэдэв НАТО-г өргөжүүлэх тухайд ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Сергей Рябков “Украин хэзээ ч НАТО-гийн гишүүн болохгүй гэдэгт итгэлтэй байх нь бидний хувьд туйлын чухал гэдгийг бид онцолж байна. Бид 2008 онд Бухарестын дээд хэмжээний уулзалтаар баталсан томъёоллыг Мадридад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр хүчингүй болгож, "Украин, Гүрж хэзээ ч Умард Атлантын эвслийн гишүүн болохгүй" гэж сольж өгөхийг хүсэж байна. Хаалттай яриа хэлэлцээнд ихэвчлэн тохиолддог хоосон яриа өрнүүлэхээс, хагас амлалтаас, буруу тайлбараас бид залхаж байна. Бид нөгөө талаар итгэхгүй байна. Бидэнд хэзээ ч НАТО-гийн гишүүн болохгүй, "ёстой" гэсэн үгтэй амлалт биш хуулийн ач холбогдол бүхий баталгаа хэрэгтэй. Энэ бол Оросын үндэсний аюулгүй байдлын асуудал юм" гэж мэдэгдэв.
АНУ-ын Төрийн Департаментын орлогч дарга Уэнди Шерман “Өөр улсад НАТО-гийн хаалгыг хаахыг бид хэнд ч зөвшөөрөхгүй”.
"Бид хоёр талын асуудлаар холбоотнууд, түншүүдтэйгээ зөвлөлдөж, уялдаа холбоог хангах үүрэгтэй” хэмээн хэлсэн байна.
Мөн тэрээр барууныхан санаа зовж буй Украинтай залгаа хилийн бүсэд Оросын цэргүүд төвлөрч байгаа талаар “Нөхцөл байдлыг намжааж, цэргээ хуарандаа эргүүлэн татсанаар довтлохгүй гэдгээ нотлох боломж тэдэнд бий” гэж мэдэгдсэн бол Сергей Рябков "Орос улс Украинд халдан довтлох гээгүй, тиймээс энд наймааны ямар ч сэдэв байхгүй.” “Украин дангаараа эсвэл барууны орнуудтай хамтран санаатайгаар өдөөн хатгалга хийж болзошгүй талаар бид санаа зовж байна" гэлээ.
Женевт хийсэн уулзалт нь ОХУ болон барууны орнуудын хооронд аюулгүй байдлын асуудлаар ойрын хугацаанд хийхээр төлөвлөж буй гурван дээд хэмжээний уулзалтын эхнийх нь юм. Нэгдүгээр сарын 12-нд Брюссельд Орос-НАТО-гийн Зөвлөлийн хурал болох бол нэгдүгээр сарын 13-нд Вена хотод ЕАБХАБ-тай хэлэлцээ хийнэ.