УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт болон Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулгыг сонсжээ. Тус хуралдаанд гишүүн Б.Пүрэвдорж, дарга Д.Ганбат нар оролцсон байна. Харин гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан, Б.Бейсен, Ж.Батсуурь, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар мэдээлэл хийж, бүлгийн хуралдаандаа оролцохгүйгээ мэдэгдсэн. Улмаар УИХ-ын удирдлага АН-ын бүлгийн даргатай холбоотой асуудалд анхаарал хандуулж, зохих шийдвэр гаргахгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана гэлээ.
Юутай ч бүлгийн дарга Д.Ганбат бүлгийн хуралдааныхаа талаарх мэдээллийг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаярын хамт өгсөн юм. Д.Ганбат “Нэгдүгээр сарын 1-нээс дөнгөж мөрдөж эхлээд буй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Багийн нийтийн хурлын бүрэн эрхийг зарим талаар хязгаарлах гэж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэв. Мөн “Коронавирусийн омикрон хувилбарын давлагаа дэлхий нийтийг хамарч байна. Вакцин хийлгээгүй 5-11 насныхан өндөр эрсдэлтэй байгааг Засгийн газар анхааралдаа авах ёстой” хэмээсэн. Түүнчлэн АН-ын бүлгийн дарга “Оны өмнөхөн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсголыг нэр төдий зохион байгуулсан. Ирц муу, талуудын оролцоо ч хангалтгүй байсан учраас сонсголыг дахин хийх ёстой” гэлээ.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх нэрээр Төрийн бус байгуулагын тухай хуулийг үгүй хийх гэж байна. Үнэндээ одоогийн хууль нь ч сайн биш. Иргэний нийгмийн байгууллагууд эрх баригчдыг хянадаг, сөрдөг байх ёстой атал амьгүй албат шиг байж ирсэн. Төсөлд тусгаснаар Ерөнхий сайдын дэргэд зөвлөл байгуулан, төрийн бус байгууллагын зөв, бурууг хянадаг болох гэж байна. Бүх эрхийг нэг гарт төвлөрүүлж болохгүй. Бүхнийг төр мэдэж, эрх мэдлийг нэг газарт нэгтгэснээр Казахстан том гүрнүүдийн тоглоом болоод дуусаж байгааг бид харлаа. Манай улс бие даан орших дархлаа хараахан бүрдээгүй байна. Дээд шүүх улстөрчдийн гар, хөл болоод АН-аар тоглоод байгаа шүү дээ” гээд “Монгол Улс ардчилсан Үндсэн хуультай болсны 30 жилийн ой удахгүй тохионо. Гэтэл амин сүнсийг нь хулгайлах оролдлого хийгээд байна. АН-д байдаг ч бил үү, байдаггүй ч бил үү хоёр гишүүн Үндсэн хуулийн цэцэд хандсаны дагуу Цэц маргаан үүсгэснийг та бүхэн мэдэж байгаа. Уг нь Үндсэн хуулийг манаж, хамгаалах үүрэг нь Цэцэд бий. Хоёр жилийн өмнө эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа гайхалтай сайхан боллоо, шинэчилж чадлаа гээд л гайхшираад байсан биз дээ. Гэтэл өнөөдөр тэр нь болохоо байчихсан юм байна. УИХ-ын дөрвөн гишүүн сайд байх нь хангалтгүй болоод ирэхээр Үндсэн хуулийг Цэцээр самруулах гэж байна. УИХ-ын гишүүд Үндсэн хуульд үнэнч байна гэж тангараг өргөчихөөд ийм зарчимгүй байж болохгүй. Миний авсан мэдээллээр Үндсэн хуулийн цэц энэ сарын 14-нд хуралдах гэж байгаа юм билээ. “Давхар дээл”- тэй холбоотой заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэл бид дэлхийн түүхэнд шившиг болно. Хоёр жил болоод л Үндсэн хуульдаа гар дүрээд байвал цаашдаа яах юм бэ. Ерөнхий сайд улс төрийн зорилгоор ийм зүйл хийлгээд байж болохгүй. Цэц зарчмаа барьж, Үндсэн хуулийнхаа амин сүнсийг манах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Тэд мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-Танай бүлгийн зарим гишүүн хуралдаа оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Бүлгийн даргаас таныг чөлөөлснийг ч хэлж байгаа.
Д.ГАНБАТ: -УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн мөрдөж эхэлсэн. Гишүүд хуралдаа суух үүрэгтэй. АН-ын бүлэг найман гишүүнтэй байх ёстой. Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа нар гадаадад томилолттой, А.Адъяасүрэн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байгаа. Манай хоёр, гурван гишүүн мэдээлэл хийж байгаа харагдана лээ. Төрийн ордонд яваад байгаа хэрнээ хуралдаа суухгүй юм. Энэ бол танил технологи шүү дээ. Зарим нөхөр намын бүлэг рүү дураараа орж ирдэг. Улмаар 2016-2020 оны парламентад АН-ыг бүлэггүй болгож байсан. Бие даан нэр дэвшиж сонгогдсон Н.Алтанхуяг, МАХН-ын С.Ганбаатар нарт АН-ын бүлэг ямар ч хамаагүй. Тэд бусдын нэрийг бариад үйл ажиллагаа явуулж байгаад харамсаж байна. Энэ талаар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд хандана. Шинэ дүрмийн дагуу уучлалт гуйх байлгүй дээ. АН хуультай, дүрэмтэй.
Ч.ӨНӨРБАЯР: -Манай намд байхгүй хүмүүс мэдээлэл хийж байгааг харсан. Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар УИХ-ын тухай хуулийн дагуу АН-ын бүлэгт харьяалагдахгүй. Нөгөө талаас уг хуулийн дагуу бүлгийн даргыг огцруулж, шинээр сонгон, түүнийг нь УИХ-ын дарга уншиж, сонсгох зохицуулалт байхгүй. Аливаа хуулийг дур дураараа тайлбарлах хэрэггүй. УИХ-ын дарга бас үүнд арга хэмжээ авах байх.