УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан нар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-д өргөн мэдүүллээ.
Монгол Улсын эрчим хүчний салбар нь газар нутгийн алслагдмал байдал, дэд бүтцийн хөгжлөөс хамааран төв, зүүн, баруун болон Алтай-Улиастайн эрчим хүчний сүлжээ гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг. Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын хоёр хувийг усан цахилгаан станц үйлдвэрлэдэг. Эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компани нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон үнэ тарифаар олон нийтэд борлуулж ирсэн. Энэ нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, дамжуулах өртгөөс бага байдаг. Мөн зарим орон нутгийн татварын байгууллагаас сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компанийн цахилгаан станцын барилга, далан, ашиглалтын туннель, ажлын байр зэрэгт Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж байгаа нь хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангахын тулд үндсэн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай турбин, генераторын урсгал засваруудыг хийж, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад хүндрэл үүсгэж байгаатай холбогдуулан дээрх гишүүд хуулийн төсөл боловсруулжээ.
Бэлтгэсэн У.Наран