БНАСАУ коронавирусын тархалтын нөхцөл байдлын улмаас Бээжинд болох өвлийн олимпд оролцох боломжгүй гэдгээ БНХАУ-ын талд мэдэгдлээ. Энэ тухай баасан гарагт Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв.
"АНУ болон түүний хяналтан дор байгдаг хүчнийхэн Олимпын наадмын амжилттай нээлтийг тасалдуулах зорилгоор Хятадын эсрэг явуулж буй үйл ажиллагаа нь улам бүр ил болж байна. Бид дайсагнагч хүчнүүдийн үйл ажиллагаанаас болж мөн коронавирусийн цартахлын улмаас олимпын наадамд оролцох боломжгүй болсон ч ч гайхамшигтай сайхан Олимпын наадам зохион байгуулахын төлөөх Хятадын нөхдийнхөө хүчин чармайлтыг бүх талаар дэмжих болно” гэж БНАСАУ-ын Олимпын хороо, Биеийн тамир,спортын яамнаас Бээжинд болох Олимпын наадмыг зохион байгуулах хороонд илгээсэн захидалд онцолжээ.
Умард Солонгос 2021 оны Токиогийн зуны олимпд мөн оролцоогүй бөгөөд Олон улсын олимпын хороо /ОУОХ/ БНАСАУ-ыг тус наадамд “COVID-19” цар тахлын улмаас оролцохоос татгалзсаных нь хариуд Бээжингийн Олимпд оролцох эрхийг нь түдгэлзүүлсэн юм.
Өвлийн XXIV олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны хооронд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болно.
Арванхоёрдугаар сарын 6-нд АНУ Бээжингийн олимпыг дипломат аргаар бойкотлохоо зарласан юм. Энэ нь тус улсын албаны төлөөлөгчид Хятадад очихгүй ч тамирчид нь тэмцээнд оролцоно гэсэн үг. АНУ-ын эл санаачлагыг Австрали, Их Британи, Канад улсууд дэмжсэн.