Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, түүнийг төсөвт төвлөрүүлэх, тайлагнах, тухайн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулдаг. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг шинэчлэн баталжээ. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 2020 онд 112 тэрбум төгрөгт хүрч өссөн. Үүнээс жилд 25-34 тэрбум төгрөгөөс доошгүйг нь байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд зарцуулах ёстой. Гэвч жилд ердөө 7-15 тэрбум төгрөгийг хуулийн дагуу, 16-20 тэрбумыг зориулалт бусаар зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл, хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа нь журмыг шинэчлэх үндэслэл болжээ.
Ингэснээр төлбөрийн орлогыг зөвхөн тухайн ашигласан нөөцөд зарцуулдаг байсныг өөрчлөв. Мөн байгалийн нөөц ашигласны төлбөрийн давсан орлогыг тухайн жилийн төлөвлөлттэй хамтатган зарцуулахаар боллоо. Түүнчлэн тухайн төлбөрийн орлогын зарцуулалтын талаар санал боловсруулах үе шат, цаг хугацаа тодорхойгүй байсныг сум, дүүрэг, аймаг, нийслэл тус бүрт цаглавартай болгов. Үүнээс гадна тэдгээрийг цахим мэдээллийн санд байршуулж, нийт 18 маягтыг шинээр ашигласнаар төсвийн гүйцэтгэл, үр дүн ил тод болно гэж үзжээ. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй байгуулах тухайн жилийн гэрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, зарцуулах төсвийг шалгуур үзүүлэлт бүрээр тусгах нь. Улмаар байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа, эсэхэд олон нийт хяналт тавих, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэхийн тулд төлбөрийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтыг жил бүрийн эхний улиралд багтаан өдөр тутмын болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллагын албан ёсны цахим хуудсаар олон нийтэд түгээхээр тусгажээ.
Бэлтгэсэн Б.Уран