УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. Үүний өмнө гишүүн Б.Энхбаярын гаргасан санал анхаарал татсан юм. Тэрбээр “Шинэ он гарахаас өмнө буюу арванхоёрдугаар сарын 28-нд УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороо хуралдаж, 06 тоот тогтоол гаргасан байна. Уг тогтоолын хоёр дахь заалтаар “Эрдэнэс Тавантолгой” ХК бие дааж, бусад этгээдтэй хамтран хөрөнгө оруулж, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тогтоолын нэг дэх заалтад тусгаснаар хязгаарлаж, тэдгээрийг тус компанийн борлуулалтын орлого болон гадаад, дотоод зах зээлд үнэт цаас гаргах, зээл авах, нүүрс урьдчилан борлуулах зэрэг эдийн засгийн үр ашигтай арга хэмжээ авч, санхүүжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгожээ. Нэгдүгээрт, Үндсэн хууль, төсвийн холбогдох хуулиар төрийн өмчийн эзэн, өмчлөгч нь УИХ. Төсвийг нь УИХ баталдаг. Төрийн өмчийн компанийн засаглалтай холбоотой асуудлууд ч Эдийн засгийн байнгын хороонд хамаатай. Үндсэн хууль зөрчиж, Эдийн засгийн байнгын хорооны хамаарах асуудлыг өөр байнгын хороо хэлэлцэхдээ төслийг нь УИХ-д өргөн бариагүй. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар төслийг нь гишүүдэд тараах ёстой. Шат шатны хэлэлцүүлгийг хийх учиртай. Гэтэл гэнэт төслийг нь оруулж ирээд л анхны хэлэлцүүлгээр дэмжсэн байна. Бид төмөр замын талаар олон жил ярьсан. Цар тахлын үед тулгарч буй хамгийн том асуудал нь төмөр замаа бариагүйтэй холбоотой. “Төмөр замын хулгайч” гэж ч ярьдаг. Хөрөнгөнөөс нь олон тэрбумаар хулгайлсан гэгддэг хүн нь Төрийн тэргүүн байсан тухай яриа ч бий. Төмөр замтай холбоотой эл шийдвэрийг тухайн үед УИХ-аар хэлэлцүүлээгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, “Дубайн” гэгдэх гэрээ зэргийг УИХ-аар хэлэлцүүлээгүйн улмаас одоо юу болж байгаа билээ. Үүнийг байнгын хороо тогтоол батлан зөвшөөрч, гэмт хэргийг нь цайруулж байгаа юм уу. Энэ нь УИХ-ын 2021 оны долдугаар сарын 8-ны 74 дүгээр тогтоолтой ч зөрчилдөж байна. Үүгээр Үндсэн хуулиар олгогдсон төсвийн онцгой бүрэн эрх УИХ-ын учраас төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх зарчмыг чанд баримтлан, төрөөс хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, хөтөлбөр, арга хэмжээг батлагдсан төсвийн хүрээнд санхүүжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд УИХ-д холбогдох төслийг өргөн мэдүүлж шийдвэрлүүлж байхыг Засгийн газарт даалгасан” гээд дээрх тогтоолыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргав.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ч түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж, “Байнгын хорооны дарга бол олон асуудлыг самарч хэлэлцэхээс илүү хууль зөрчсөн зүйлийг хэлэлцүүлэхгүй байх гол үүрэгтэй. Олон хууль зөрчсөн асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлээгүй байгаа. УИХ-ын зарим гишүүнд ч үүнийг ойлгуулах гэж хичээж ирсэн. Тиймээс манай байнгын хороог тойроод гардаг асуудал бий гэдгийг нуугаад яах вэ. Би “Эрдэнэс Тавантолгой”-н асуудлаар дарга нартай нь ам зөрсөн удаа ч бий. Үүнийг дэлгэрэнгүй яриад хэрэггүй байх. Зохих түвшинд нь хэлэлцүүлнэ” гэв.
Бэлтгэсэн Б.Уран