Энэ жил бол УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацаа тэхий дундаа орох үе. Төрийн эрх барих дээд байгууллагыг бүрдүүлэн, түмэн олныг төлөөлөн ажиллах хууль тогтоогчид сонгууль, улстөржилтөөс ангид, аливаа асуудалд “амьд” хандаж болох богинохон боломж. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газартаа багагүй хөдөлгөөн хийх нь өнгөрөгч жилийн төгсгөлд өрнөсөн үйл явдлуудаас үндсэндээ тодорхой харагдаж байна. Тэрбээр танхимынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг бие даан өөрчлөх бүрэн эрхтэй ч Үндсэн хуулийн цэцээс гаргах шийдвэрийн дагуу энэ бүхнийг хийнэ гэх таамаглал хүчтэй буй. Үүнийг үнэмлэхүй олонх бүхий УИХ, тэдний байгуулсан Засгийн газар хамтран хийнэ.
Засгийн газрын тэргүүнээс гадна дөрвөн сайдыг УИХ-ын гишүүний “давхар дээл”- тэй байж болохоор тусгасан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь уг хуулийнхаа зарим заалттай зөрчилдөж буй, эсэхийг Цэц тун удахгүй хянан шийдвэрлэх ёстой. Өнгөрсөн сарын 27-нд дунд суудлын хуралдаанаараа үүнийг хэлэлцэх байсан ч хойшлуулж, товыг нь дараа зарлахаар болсон. Тус хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Н.Энхболд хойшлуулах хүсэлт гаргасан юм билээ.
“Давхар дээл”-тэй холбоотой заалт нь Үндсэн хуультай нийцэхгүй байна гэсэн шийдвэрийг Цэц гаргавал УИХ-ын цөөнгүй гишүүнийг сайдаар томилно гэсэн үг. Эхнээсээ зарим нь “тодорч”, өөрсдийгөө “Сайд болох өндөр магадлалтай” мэтээр бичүүлээд эхэлчихэж. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 18 сайдын (Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр байгуулна) хэн нь явж, хэнийг нь үлдээх хийгээд танхимаараа “давхар дээл”-тэй болох уу гэдэг нь төд удалгүй тодорхой болох биз. 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө “Ерөнхий сайд, эсвэл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэх заалт Үндсэн хуульд байсан. Одоо гагцхүү Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцрох зохицуулалт бий. Өөрөөр хэлбэл, танхимынхаа сайд нараас төдийг нь нэгэн зэрэг огцруулж, өөрчилж болно, болохгүй гэх хориг, хязгаарлалт үгүй ч тэд олон талаас нь бодож, жин, банг нь тохируулах нь тодорхой.
Тухайлбал, сайдаар томилогдсон цагаасаа хэл ам, шүүмжлэл дагуулж, чадвар, сэтгэл дутмаг нь ажлаасаа харагдаж байгаа хүн өнөөгийн Засгийн газарт нэг бус бий. Тэдэнд бүгдэд нь биш юм гэхэд заримд нь хариуцлага тооцож явуулах хувилбарын талаар ч ярьж байна. Мөн эрх баригчид МАХН-ыг намдаа нэгтгэснийхээ хариуг төлж, “барагдуулах” ёстой. Энэ оны зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өвөр, түрийндээ орсон тэд өнөөдрийг хүртэл нам, төрийн албан тушаалыг тохирсон хуваарийн дагуу авч, өгөлцөж байгаа. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүх шатны байгууллагын бүрэлдэхүүний 30 хувьд МАХН-ын төлөөллийг багтаах “амлалт” УИХ, парламентын өмнө ажлаа хариуцдаг болон төрийн өөр бусад албанд ч хэрэгжиж, өргөжин тэлж буй. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч танхимын бүрэлдэхүүнээ хөдөлгөвөл үүнийг тооцож л таарна. Түүнчлэн Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон өөр бусдынх нь харьяанд дахин байгуулах агентлагууд ч бий.
Гэвч хамгийн эмгэнэлтэй нь МАН-ынхан эрх барьж буй дөрвөн жилийнхээ хугацаанд намынхнаа хэд хэдэн ээлжээр “хооллох”, албан тушаалын “бялуу” хуваах гэсэн зорилгоо Үндсэн хуулийн цэцээр дамжуулан гүйцэлдүүлэх гэж буй нь энэ. Мэдээж тэд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, гоё, сайхан зүйлс ярина. Бид үүгээр Цэцэд хандаагүй, бүр өөр намын хүмүүс л гомдол гаргасан гэх мэтээр бултана. Дээрх таамаглал бодит болж, хууль тогтоогчид Засгийн газарт орж ирэх саад, хязгаарлалтыг аваад хаячихвал эрх баригчид ирэх жилийн турш энэ л чиглэлээр тархи угаах нь гарцаагүй. Уг нь “давхар дээл”- ийг хязгаарласан нэмэлт, өөрчлөлтийн цаана хууль тогтоох хийгээд гүйцэтгэх эрх мэдлийн зааг, ялгааг тодруулах, хяналт-тэнцлийг нь хангах гэсэн том зарчим, бодлого бий. Үнэндээ хоёр жилийн өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа сайд нарыг УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй байхыг хязгаарлалаа, хүчтэй, тогтвортой Засгийн газар ажиллах боломж бүрдлээ гэх мэтээр хамгийн их “рекламдсан” хүмүүс нь өнөөгийн эрх баригчид өөрсдөө. “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны үр дүнд парламентат ёс бэхжиж, зөвхөн хууль засагласан, шударга ёс ердийн хэм хэмжээ болон төлөвшсөн, хариуцлага, сахилга бүх шатанд хэвшсэн, баялгийн өгөөж тэгш, шударга хүртээгдэж, хүний хийгээд нийгмийн хөгжилдөө зориулагдсан, хөгжингүй улс орон болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр жилийн өмнө хэлж байв. Ерөнхий сайдаасаа авхуулаад танхим нь тэр чигээрээ УИХ-ын гишүүдээс бүрдэж, хөл, толгойгоо алдаж явсан үе манайд бишгүй бий.
Юутай ч Үндсэн хууль зөрчсөн гээд Цэц шийдчихвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд УИХ гар хүрч таарна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг үүгээр хориглосон. Гэвч энэ бол Үндсэн хууль биш. Хүсвэл Үндсэн хуулиа, нэмэлт, өөрчлөлтийг нь өөрсдөдөө ашигтайгаар хувиргаж чадах тэд энэ хуульд ч үнэмлэхүй олонхдоо бардан гар хүрэх нь хэцүү биш байлгүй. Ингэснээр Үндсэн хуульд хэн дуртай нь, хүссэн үедээ нэмэлт, өөрчлөлт оруулах боломж бүрдэж, тэр хэрээр хэврэгшиж, дархлаагүй болох эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг. Ардчилсан Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ойд барих эрх баригчдын “бэлэг” энэ бололтой.
Өнөөдрийг хүртэл эрх баригчид 2020 оны сонгуулиар өгсөн амлалт, баталсан төлөвлөгөөний дагуу ажиллахаас илүүтэй зарчим, бодлогоосоо хол, зам зуурын ийм зүйлсэд ихээхэн цаг зарцуулж ирэв. УИХ гэхэд л Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний болон Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоол, Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг шинэ оноос өмнө яаран хэлэлцэж, заримыг нь анхны хэлэлцүүлгээр баталлаа. Цар тахлын эрсдэлтэй цаг үеийг даван туулж, сорилт дагуулсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх нь УИХ болон Засгийн газрын аль алиных нь эн тэргүүний зорилт, хамтдаа хийх ажил хэдий ч хуулиар хүлээгдэж буй, шийдэл нэхсэн олон зүйлд “зам”-ыг нь заах зарчим, бодлогоо орхигдуулж болохгүй. Харин ч “Ковид-19”-тэй нүүр тулсан сүүлийн хоёр жилийн хугацаанд Засгийн газар нь, эрх барьж буй Ардын намынхан өөрсдөө хэрхэн ажиллав, ямар алдаа гаргав, эрүүл мэнд, эдийн засгаас гадна өөр бусад салбарт юу орхигдов гэдэгтээ бодитой дүгнэлт хийх учиртай. Хамгийн наад зах нь ардчилсан Монголд хүний эрх хэрхэн зөрчигдөж ирсэн, тэр нь цар тахлын үеэр яаж ужгирч байгааг эрх баригчид гэнэт мэдсэн юм шиг, сүржин мэдэгдэл, тунхаглал гаргалгүй хүлээн зөвшөөрч, шийдвэрлэх ёстой. Жишээ нь, цар тахлын үед илүүтэй зөрчигдөж буй үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх гэх мэт улс төрийн эрх, эрх чөлөөг хэрхэн хангах, бодит байдал нь ямар байгааг ярилцаж, нүүр нүүрээ харан тайлбар хэлэх нээлттэй сонсголыг ч талуудын оролцоог тэгш ханган зохион байгуулж чадсангүй. Үүнийг хийх хүсэл, эрмэлзэл байсангүй.
УИХ-ын энэ удаагийн ээлжит чуулганыг нэгдүгээр сарын дундуур хаахаар төлөвлөж буй юм билээ. Тойргынхноо тойглох ёстой гишүүд Цагаан сараас өмнө бэлэг сэлт гардуулахаар тал тал тийш тараад явчихна. Гэтэл ирэх оны төсвийг батлахдаа реформын эхлэлийг тавилаа хэмээн онцолж байсан эрх баригчид эхнээсээ зарчмаасаа ухарлаа. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, менежментийг сайжруулахын тулд эхний ээлжид төрийн үйлчилгээг хувийн хэвшлийнхэн дангаар болон хамтран хэрэгжүүлэх боломж бүрдүүллээ гэж байсан бол үүнээсээ буцсан. Засаглалаа сайжруулах, шударга ёс тогтоох, авлигыг бууруулах гол хөшүүрэг гэгдэж буй Улс төрийн намын болон Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг хэдэн чуулган дамжин хүлээгдэж буй хуулийн төслийг хэлэлцэж ч эхэлсэнгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэх ёстой, УИХ-ын дарга Г.Занданшатар “хувьсгал” хэмээн сүржин тодорхойлоод буй ажлынх нь биелэлт үнэн хэрэгтээ даржин байна. Ерөнхийлөгчийн, Засгийн газрын болон Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг олон хуулийн төсөл цаасан дээр нэр нь үлдэж, хавраас намар, намраас хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт руу шидэгдсээр өнөөдөртэй золгов. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөө дахин өөрчлөхөөр санаархаж, элдэв янзын арга сүвэгчлэн, хүний гараар могой бариулах гэж буй энэ цагийн эрх баригчдаас илүү зүйл хүсээд хэрэггүй юм биш үү, ер нь.