Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос нийтийн сонсгол зохион байгуулав. Сонсголд УИХ-ын гишүүд, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын ерөнхий прокурорын газрын удирдлага, төлөөллүүдээс гадна ажиглагч, оролцогчоор бүртгүүлсэн 15 иргэн оролцлоо. Үүнийг зохион байгуулах санаачилга гарган, идэвхтэй ажилласан АН-ынхан сонсголыг хойшлуулах санал гаргасан ч хүлээж авсангүй. Үнэндээ оны төгсгөлд өөр бусад хууль, тогтоолыг олноор нь батлахтай зэрэгцүүлэн зохион байгуулж, хийсэн дүр эсгэв. Тухайн өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас гадна цөөнгүй байнгын хороод хуралдсан бөгөөд сонсгол хийхээр гарын үсэг зурсан 37 гишүүнээс цөөн хэд нь л оролцов. Мөн иргэдийн төлөөлөл хангалтгүй байгааг сөрөг хүчнийхэн шүүмжилж байлаа.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, нөхцөл байдлын тухайд ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа танилцуулгынхаа үеэр тайван, хүчирхийллийн бусаар явуулж буй жагсаал цуглааныг хамгаалах, дэмжих, боломж олгох үүднээс тус хуулийг сайжруулах, гарцаагүй тохиолдолд л хязгаарлах үндэслэл, журмыг маш тодорхой хуульчлах, сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэж, бүртгүүлэх зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатайг хэлж байсан. ЦЕГ-ын зүгээс уг хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, зөрчил, давхардлыг арилгах санал дэвшүүлэв. Мөн иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар хуран цуглах эрхээ эдлэх хэлбэрийг баталгаажуулах, төр, иргэн хоорондын харилцан, хамтран ажиллах дэг горим болон нутгийн захиргааны болон бусад төрийн байгууллагын чиг үүргийг тодорхой тусгах замаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатайг дурдаж байлаа.
Ташрамд дурдахад, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал санаачлан боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлээд буй. Мөн Засгийн газраас уг хуулийг бүхэлд нь шинэчлэхээр төсөл боловсруулж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд сонсголын үеэр танилцуулсан. АН-ынхны хувьд энэ төслийг Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулах нь учир дутагдалтай хэмээн шүүмжилж, ХЭҮК-ынхон энэ ажлыг хариуцах ёстойг хэлж байлаа.
Бэлтгэсэн У.Наран