УИХ өнгөрсөн оны төгсгөлд хэд хэдэн томоохон тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тодруулбал, Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний, Шинэ сэргэлтийн бодлого болон УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолыг баталлаа. Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай тогтоолын хүрээнд 2015 онд байгуулсан “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгон, хөндлөнгийн аудит хийлгэхээр болж байна.
Мөн Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн үйлчлэх хугацааг зургаан сараар сунгаж, Генетик нөөцийн тухай хуулийг батлав.
Ташрамд дурдахад, Засгийн газар өнгөрсөн жилийн отгон хуралдаанаараа айл өрхийн эрчим хүчний төлбөрийг энэ оны зургадугаар сар хүртэл төрөөс хариуцахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт/цаг хүртэлх, гэр хорооллынх бол 350 кВт/цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг энэ оны эхнээс тавдугаар сарын 31-нийг дуустал төрөөс хариуцах юм. Үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн төслүүдээс санхүүжүүлэх гэнэ. Ойролцоогоор 73 тэрбум төгрөг шаардлагатай аж.