УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд байна. Уг төслийг Засгийн газраас өргөн барьсан бөгөөд Төрийн бус байгууллагын тухай хуулийг ийн шинэчилж, нэрийг нь өөрчлөхөөр боловсруулжээ. Мөн үүний хамт Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэж буй. Өдгөө мөрдөж буй Төрийн бус байгууллагын тухай хуулиар сангийн үйл ажиллагааг зохицуулж байгаа юм. Эдгээрийг энэ долоо хоногт нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах саналыг тус байнгын хороогоор дэмжив. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсонтой холбоотойгоор уг сонгон шалгаруулалтыг хийж буй. Эл албанд найман хүн нэрээ дэвшүүлснээс шаардлага хангасан таван оролцогчийг бүртгэж, үнэлгээ өгөхөд Ц.Амартөгс хамгийн өндөр оноо авчээ. Ц.Амартөгс нь 1998 онд Хөдөлмөрийн дээд сургуулийг хөдөлмөрийн эдийн засагч, менежер мэргэжлээр төгсөж, 2003 онд МУИС-ийн Эдийн засгийг сургуульд бизнесийн удирдлагын, 2006 онд Австралийн Флиндерсийн их сургуульд төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалж, өнгөрсөн жилээс МУИС-ийн докторантурт суралцаж байгаа аж. Тэрбээр 2000-2020 онд нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэргэжилтэн, газрын орлогч дарга, хэлтсийн даргаар ажиллаж байжээ. 2020 оноос Төрийн албаны зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын болон Ажлын албаны даргын албыг хашиж буй юм байна.
Бэлтгэсэн Б.Уран