Он солигдох мөчид уламжлал ёсоор Төрийн тэргүүн ард түмэндээ хандаж үг хэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цар тахлын амаргүй цаг үеийг монголчууд бид хохирол багатай даван туулах, хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах, улс орныхоо эдийн засгийг сэргээхийн тулд ард иргэд, төр, засаг, аж ахуйн нэгжүүд бүхий л боломж, нөхцөлөө дайчлан ажиллалаа. Цаашид ч улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангах томоохон өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй байна. Үүний хүрээнд халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих суурь шинэчлэлүүдийг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр Монгол Улс ойрын 30 жилд нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, хүний хөгжлөөрөө Ази тивдээ тэргүүлэх орны нэг болох боломж бүрдэнэ” гэв. Мөн “Оюутолгой” төслөөс манай ард түмний хүртэх үр өгөөж, ашиг шим нэмэгдэх таатай боломж бүрдсэнийг дурдаад, “Энэ бол Монголын ард түмэн, төр, засгийн нэгдмэл байдал, тууштай бодлогын үр дүн юм” хэмээлээ. Эцэст нь тэрбээр “2022 он бол монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлсэн шинэ сэргэлтийн жил байх болно” гэсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн “хувьсгал” амжилттай үргэлжилж байна. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах үндсэн үзэл баримтлалтай Шүүхийн эрх зүйн орчныг шинэчилснээр зөвхөн хууль засагладаг, шударга, ёс зүйтэй тогтолцоо төлөвших учиртай. УИХ хүний эрхийг эн тэргүүнд эрхэмлэхээ зарласан. Тиймээс Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг Ази тивд анх удаа баталлаа. Парламентын шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлэхэд томоохон алхам хийсэн он өнгөрч байна. Ард түмний засаглах эрхийг хангах, иргэдтэйгээ хамтран хууль боловсруулж, баталдаг болох, парламентын үйл ажиллагааг сонгодог зарчимд нь нийцүүлэх, энэ талаарх иргэдийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр амжилттай өрнөж байна. Бид хэдхэн хоногийн өмнө УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг баталсан. УИХ хууль тогтоохын зэрэгцээ хэрэгжилтийг нь хянан шалгах чиг үүрэгт эн тэнцүү анхаарна. Үүнийг бид ард түмэнтэйгээ хамтран хийнэ. Ингэснээр сонгодог парламент болох шинэчлэлийн нэгэн шинэ үе шат эхэлж байгаа юм” гээд үндэсний баялгийн болон боловсролын салбарыг шинэчлэх эрх зүйн орчныг энэ оны эхний хагаст багтаан бүрдүүлэхээ мэдэгдэв. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн жил цар тахлыг даван туулахын төлөө хамтын хүчээр тэмцсэн түүхэн он байсныг онцлоод, “-5.3 хувь хүртэл агшсан эдийн засгаа 2021 оны эцсийн дүнгээр 3.4 болгон өсгөж чадлаа. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний үр дүнд иргэн, аж ахуйн нэгжүүд энгийн амьдралын хэмнэлдээ үе шаттайгаар шилжиж, хичээлийн шинэ жилийг танхим болон цахим хэлбэрээр хослуулан эхлүүлж, шинэ оноо хатуу хөл хориогүйгээр угтаж байна. Энэ бүхэн вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж, нийт иргэд идэвхтэй хамрагдсаны үр дүн билээ” гэв. Мөн “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон жил гацсан “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ирэх жил эхлүүлэх боломж бүрдэнэ. Оюутолгойн хэлэлцээрийн үр дүнд 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор уг төслийн Монголын талын 34 хувийг үнэ төлбөргүй эзэмшиж, монголчууд бид анх гэрээ байгуулж байсан тэг гараан дээрээ дахин ирлээ. Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засаг хоёр дахин тэлж, 285 мянга гаруй ажлын байр шинээр нэмэгдэн, цар тахлын хүндрэлээс эдийн засгаа аварч чадна гэдэгт Ерөнхий сайдын хувьд бүрэн итгэлтэй байна. ҮАБЗ-ийн гишүүд болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хөгжлийн бодлогыг нэгэн цонхоор харж, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэх болно” хэмээв.
Бэлтгэсэн У.Наран