Өнөөдөр Ардчилсан намаас “Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлалыг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт хүлээлгэн өглөө. Бүлгийг төлөөлөн дарга Д.Ганбат уг хуулийн төслийг хүлээн авч, бүлгийн гишүүдийн хамтаар боловсруулан, УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэн батлуулахаа мэдэгдэв. Монгол Улсад жирийн иргэн, эсхүл аливаа улс төрийн нам үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх, эрх чөлөөгөө эдлэхэд хуулийн нэр барин хэн нэгэн Засаг дарга “бүртгэл хийх” нэрийн дор зөвшөөрөл олгох эсэхийг шууд шийдвэрлэн эрхэнд нь халддаг. Өөрөөр хэлбэл эрх баригчдын зөвшөөрсөн тохиолдолд л иргэний хүн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх нь нээгддэг гажиг тогтолцоо улам бүр даамжирсаар байна. Иймд Хүний эрхийг хамгаалагчдын талаарх ойлголтыг тодорхой болгох, хууль ёсоор хүлээн зөвшөөрөх, хамгаалах талаарх нэгдсэн бодлогыг төр засгийн зүгээс бий болгох, тэдгээрийг аюулгүй таатай орчинд ажиллаж, халдлага, хонзогнол, үндэслэлгүй хязгаарлалтаас ангид байх нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг уг хуулийн төслийн үзэл баримтлалд онцлон дурьсан байна.