Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ойд зориулан УИХ хүндэтгэлийн хуралдаан хийлээ. Тус хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд болон УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын удирдлага оролцов. Мөн гадаад орнуудаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн байгууллагуудын тэргүүн нар, НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын байгууллагуудын төлөөллийг урьжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Ардчилсан үзэл монгол нүүдэлчдийн цусанд байсан бөгөөд эзэн Чингис хааны төр улсаа түвшитгэх бодлого, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оны хувьсгал, 1921 оны Ардын хувьсгалын үзэл санаа анхнаасаа л ардчилсан суурьтай байсан юм” гээд 100 жилийн өмнө өвөг дээдсийн минь зорьж байсан Үндсэн хуульт байгуулал, засаглалын тогтолцооны суурь үзэл баримтлал 1992 онд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуульд дахин тусгалаа олж, өдгөө бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоохын төлөө хичээн зүтгэж буйгаа тэмдэглэлээ. Хүндэтгэлийн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн. Тэрбээр “Үндэсний язгуур эрх ашгийн төлөөх ард түмний оюун санааны эв нэгдэл бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа юм” хэмээн онцлов.
Бэлтгэсэн У.Наран